Эрх мэдэл, өд хөрөнгөгүй энгийн иргэд хөрөнгө мөнгөтэй хүмүүсийн өмнө “хэн ч биш” болж байгааг баримт түшин илэрхийлсэн нэгэн захидал иржээ. Захидалд дурьдснаар бол Шүүх хуулийн байгууллагын зарим ажилтнууд “НарМон” ХХК-ийн талд илт үйлчлэн, барилга дээр нь ажиллаж байгаад эрүүл мэндээрээ хохирон хөгжлийн бэрхшээлтэй болсон залуу болон түүний эхнэрийг үл тоомсорлон, барилгаас унасан залууг “бараг л амиа хорлохоор өөрөө үсэржээ” хэмээн дүгнэж хэргийг нь хэрэгсэхгүй болгосон бололтой байна.
Барилга дээр нь ажиллаж байгаад хүндээр гэмтэж бэртсэн залуугийн гэр бүлийг үл тоон “үнсэнд хаясан шалз шиг” хөсөр хаясан тэдгээр хүмүүс бол төрсөн ах дүү хоёр ажээ. “НарМон” ХХК буюу Шөнийн захын Ерөнхий захирал нь Магвансүрэнгийн Хүрэлсүх нь өдгөө Байгаль орчин Ногоон хөгжлийн яаманд дэд сайдын албан тушаал хашиж байгаа бол түүний төрсөн дүү Магвансүрэнгийн Дашдондог нь Шөнийн захын гүйцэтгэх захирлаар ажилладаг байна. Тэдний эрхэлдэг барилгын 6 давхараас ажилтан залуу нь унаж хүнд бэртэл авсан хэргийг Ах дүү хоёр шүүх хуулиар хөөцөлдөн өөрсдөө давуу байдал бий болгон тус хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Үүний цаана Монголын нэгэн гэр бүлийн аз жаргалтай амьдрал сүйрч, 2 бяцхан хүүхдийн ирээдүйг баллаж байгаагаа ах дүү эрх мэдэлтнүүд ухаарч байгаа болов уу
Ингээд та бүхэндээ Шөнийн захад ажиллаж байгаад барилгын осолд орсон эр нөхрийнхөө өмнөөс Шөнийн захын захиралд илгээсэн захидлыг хүргэе
“НарМон” ХХК буюу Шөнийн захын гүйцэтгэх захирал Магвансүрэнгийн Дашдондог танаа
Миний хань танай байгууллагын 100 хувийн буруутай үйлдлээс болж танай барилгын 6 давхараас унаж нүд нь сохорч, тахир дутуу болсон байтал гэнэтхэн хэрэг нь хэрэгсэхгүй болж хаагдлаа. Шүүх хурал ч бололгүй хэрэг нь шууд л хаагдсанд бид маш их гайхаж бас гомдож байна. Бид таньд болон танай хамт олонд итгэж 6 сар зовж шаналан хүлээсний үр дүнд эцэст нь ийм хариу сонслоо. Шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгосныг сонсоод айж сандран бачуурч тань дээр очиход, та бараг л ийм болсон нь та нарын хохь чинь гэж байгаатай адил үгийг бидэнд хэлсэн.
Бид таниас мөнгө төгрөг нэхээгүй, зөвхөн миний ханийн 2 нүдиййг л бүтэн болгод өг гэхэд та миний өөдөөс “тэгвэл миний хоёр нүдийг ухаад ав, та нар өөр байгууллагаас унасан бол юу ч олж долоохгүй байсан, харин бид эмчилгээний зардлыг чинь гаргасан” гэж маш муухайгаар хэлсэн. Дашдондог захирлаа, би нөхрийнхөө сүүлд эмнэлэгт хэвтэхэд та бүхнээс эмчилгээний төлбөр гуйхад байхгүй гэсэн учир бид өнөөдрийг хүртэл цахим ертөнцөөөр та болон танай байгууллагын талаар юу ч хэлж яриагүй. Гэтэл та хүнлэг бус зан гаргаж хариу барилаа. Одоо бид хохироод үлдсэн ч гэлээ өлсгөлөн зарлах хүртэлх бүх арга хэмжээг танай байгууллагын эсрэг авах болно” гэжээ.
Өргөдөл гаргасан: Б.Болормаа
Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү