Монгол улсын уулын спортын ууган мастеруудын нэг Ядамын Жанцангийн нэрэмжит “Сутайн бор” уулын клуб, өөрийн нэрэмжит авиралтаа 6 сарын 16-17-ны өдрүүдэд Говь-Алтай аймгийн Тонхил суманд амжилттай зохион байгууллаа.
“Сутайн бор” уулын спортын клубын энэ удаагийн авиралт төрийн тахилгат, мөнх цаст Сутай хайрханы далайн төвшнээс дээш 4130 метрийн өндөрт орших ноён оргилд амжилттай гарснаар өндөрлөлөө. Эл авиралтад “Сутайн бор” клубын I,II баг, “Монголын хүүхэд залуучуудын спорт авиралтын холбоо”, “Уулчин Монгол” нийгэмлэгийн нийт 36 тамирчин оролцжээ.
“Сутайн бор” уулын спортын тамирчид Сутай хайрханы оргил цаст богдын тэргүүн дээр. 2013 оны 06 сарын 17-ны 11:20 цагт
Эдгээр тамирчдын дунд анх удаа өндөр ууланд авиралт хийж байгаа 19 тамирчин багтсан байна. Тус уулын авиралт эгц цас мөстэй хоёр зам, хад асга давж гарах нэг зам гэсэн нийт гурван замаар зохиогдсон бөгөөд ийм хүнд бэрх замаар хийх авиралтыг амжилттай явуулахад нийт оролцсон багуудын дасгалжуулалт, багаж хэрэгслийн хангамж сайтай байдал, тамирчдын хувийн бэлтгэл сайн, техник ур чадвар өндөр байсныг энд онцлон тэмдэглэх нь зүйтэй юм.
Хөндий өгсөөд…
Мөн энэ удаагийн авиралтад оролцохоор нийслэл хотоос зорин очсон баг тамирчдын тоо өмнөх жилүүдээс нэмэгдсэн байна. Авиралтанд амжилттай оролцсон баг тамирчин бүрт “Сутайн бор” уулын спортын клубын зүгээс батламж, дурсгалын зүйлийг гардуулжээ.
Мөсөн замын авиралт
Жил бүр явагддаг “Сутайн бор” уулын спортын клубын нэрэмжит авиралтын дараа уламжлал болон зохиогддог Говь-Алтай аймгийн Тонхил сумын гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн эл амралтын өдрүүдэд болох ажээ. Түүнчлэн “Сутайн бор” уулын спортын клубынхэн үйл ажиллагаагаа жил ирэх тутам өргөжүүлэн, өөрийн клубын нэрэмжит авиралтуудаа баруун бүсийн аймгуудын өндөрлөг ууланд ээлж дараалан хийхээр төлөвлөн ажиллаж байгаа гэнэ.
Дашрамд хэлэхэд ирэх онд Монголын уулчдын “Алпинад” буюу улсын аварга шалгаруулах уулын авиралтын тэмцээн Сутай хайрханд болох юм.
Мэдээ бэлтгэсэн: А.Батсүх