2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 10 цагийн байдлаар:
МОНГОЛ УЛСАД:
Томуу томуу төст өвчний 7 дах долоо хоногийн мэдээ:
2015 оны хоёрдугаар сарын 9- 15-ны өдрийг дуустал долоодугаар долоо хоногт улсын хэмжээнд 159,306 хүн амбулаториор үйлчлүүлсний 11,434 (7.2 хувь) нь ТТӨ-тэй гэж оношлогдон, өмнөх 7 хоногоос 0.6 хувиар их, өнгөрсөн оны мөн үеэс 2.3 хувиар бага, 10,000 хүн амд 41.4 тохиолдол бүртгэгдэн, өмнөх 7 хоногоос 1.7 тохиолдлоор их, өмнөх оны мөн үеэс 22.3 тохиолдлоор бага байна.
Улсын хэмжээнд томуу томуу төстөөр өвчлөгсдийн 86.3 хувийг 15 хүртэлх, 60.2 хувийг 4 хүртэлх насны хүүхдийн өвчлөл эзэлж байна.
21 аймгаас ирүүлсэн мэдээгээр амбулаторийн нийт үзлэгт томуу томуу төст өвчин 6.9 хувийг эзэлж, өмнөх 7 хоногоос 0.5 хувиар их, өмнөх оны мөн үеэс 1.7 хувиар бага, түргэн тусламжийн дуудлаганд томуу томуу төст өвчний шалтгаант дуудлага 16.5 хувьтай байж, өмнөх долоо хоногоос 1.5 хувиар бага байна.
ХӨСҮТ-ийн вирус судлалын лабораторид нийт 170 сорьц хүлээн авч томуугийн A, B, A(H3N2), цар тахлын A(H1N1) вирусын геном (РНК) илрүүлэх бодит хугацааны полимеразын гинжин урвал (бх-ПГУ)-ын шинжилгээ хийхэд 39(22.9%) сорьцонд томуугийн A(H3N2) вирус, 1(0.5%) сорьцонд томуугийн В вирус тус тус илэрсэн.
Эх сурвалж: ХӨСҮТ
Архины хордлогын мэдээ:
2015 оны 2 дугаар сарын 10- 17-ны өдрүүдэд дүүргүүдийн эмнэлэг, яаралтай тусламжийн төвд архины хордлогын улмаас 557 хүн хандснаас 23 (4.1%) хүнийг эмнэлэгт хэвтүүлэн тусламж үйлчилгээ үзүүлсэн байна.
Эх сурвалж: НЭМГ
Мөс цөмөрчээ
Ховд аймгийн Чандмань сумын Жаргалант багийн нутаг “Бор толгойн хоолой” гэдэг газарт мөс цөмөрч машин усанд орсон байна. Машинд явсан 2 иргэн эсэн мэнд гарч ойролцоох айлд байна гэсэн дуудлагыг 2015.02.17-ны өдрийн 19:30 цагт ОБХ-д мэдэгджээ.
Эх сурвалж: ОБЕГ
ДЭЛХИЙ ДАХИНД
Ойрхи-Дорнодын Коронавируст (Mers CoV) халдвар (албан мэдээ): Дэлхий нийтэд Mers CoV-ийн халдварын нийт 983 лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 360 тохиолдол буюу 37 хувь нь нас барсан байна. Саудын араб улсад нийт тохиолдлын 87.7 хувь (847) буюу хамгийн олон тохиолдол бүртгэгджээ.
Эх сурвалж: ДЭМБ