Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, Төрийн өмчийн хорооны дарга Д.Нанзаддорж, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн дарга Б.Бямбадорж нартай уулзалт хийж, “Эмнэлгийн барилгад эмнэлэг ажиллах учиртай” гэж хэлээд энэ асуудлаар ярилцаж дараах шийдэлд хүрлээ.
Монголчууд гурван саяулаа боллоо. Олуулаа болно гэдэг олон эмнэлэг, сургууль, олон цэцэрлэг, олон сайн үйлчилгээ хэрэгтэй. Шинэ контор биш эмнэлэг, сургууль байгуулагдаж байх ёстой. Эмнэлгийн зориулалтаар анх баригдсан Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн барилгыг зориулалтаар нь ашиглах нь зөв.
Улсын нэгдүгээр төв эмнэлгийнхний санаачилсан “Нэг эмнэлэг хоёр жигүүр” төслийг дэмжиж, хэрэгжүүлэх замаар тус барилгыг анхных нь зориулалтаар тус эмнэлгийн менежментийн багт өгөхөөр болж, энэ оны наймдугаар сараас эмнэлгийн үйл ажиллагааг эхлүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо.
Мөн эмч мэргэжилтний багт хөрөнгө оруулалтыг өөрсдөө татаж гүйцээх нөхцөлөөр энэ барилгыг шилжүүлэх нь зүйтэй, барилга нь төрийн өмч байх бөгөөд түрээсийн төлбөр тэг байхаар зохицуулалт хийх нь зөв гэж Ерөнхий сайд хэллээ.
Тус барилгыг буцааж эмнэлэг болгоход хагас жилийн хугацаа, 20 гаруй тэрбум төгрөг шаардлагатай. Гэхдээ улсын төсвөөс нэг ч төгрөг гаргахгүйгээр менежментийн баг энэ ажлыг хариуцан зохион байгуулна. Манай эмнэлэгт хүний нөөцийн боломж хангалттай байна. “Нэг эмнэлэг хоёр жигүүр” төслийн баг энэ асуудлаар төлөвлөгөө гаргаж ажиллаж байгаа гэж тус эмнэлгийн удирдлага хэлж байсан юм.
Эмнэлгийн барилгыг зориулалтаар нь ашиглахаар болж буй нь зөв шийдвэр болж байна гэж Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба хэлээд менежментийн багийг дэмжиж, тусалж ажиллахаа илэрхийллээ.
“Засаг та бүхэнд итгэлээ. Итгэл даана гэдэгт найдаж байна. Эрхийг нь бүрэн олголоо. Харин үүргээ бүтэн биелүүлээрэй. Улсын эмнэлэг түмэн олноо ч эмчлээд, төрийн тусгай албан хаагчдаа ч хүлээж аваад, хэрэгцээтэй боломжтойд нь төлбөртэй үйлчлээд ажиллабал улсын эдийн засаг, хүний эрүүл мэндэд ашигтай. Бид бүхний урдаа барьдаг Улсын нэгдүгээр төв эмнэлгийн туршлага, ур чадвар дээр тэргүүний технологи, шинэ тоног төхөөрөмж, шинэ барилга байгууламж нэмбэл монгол хүний эрүүл мэндийн нэг баталгаа болно. Сайн эмнэлэг болгож ажиллуулаарай. Засгийн газар шийдлээ гаргаж дэмжиж ажиллана” гэж Ерөнхий сайд хэллээ.
Эрүүл мэнд, спортын яам, Төрийн өмчийн хороо,, менежментийн баг гэрээ байгуулж Засгийн газрын хуралдаанд энэ асуудлыг танилцуулан албажуулах үүргийг Ерөнхий сайд өглөө.
Мөн Засгийн газрын Х байр буюу хуучнаар Соёл, спорт аялал жуулчлалын яамны байрыг дуудлагаар худалдах ажил ямар шатанд байгааг Ерөнхий сайд тодруулахад Төрийн өмчийн хорооны дарга Д.Нанзаддорж “Дуудлагаар худалдахад бэлэн болсон. 5,9 тэрбум төгрөгөөс эхлэн дуудахаар зар тараасан” гэж хариуллаа.
Эндээс олсон орлогыг Яармагт баригдаж эхлээд дутуу орхигдсон Эх, хүүхдийн нэгдсэн эмнэлгийн барилгын ажилд зарцуулах ёстойг Ерөнхий сайд хэлж байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.