Ялангуяа эхчүүд, эмэгтэйчүүдийн хувьд энэхүү сэтгэл түгшээсэн эл хэрэгт харууслаа илэрхийлэхийн сацуу балчир үрсээ зовоож тарчлаасан, амь насыг нь зүй бусаар хөнөөсөн балмад этгээдүүдэд хатуу шийтгэл оноохыг хүсч буйгаа төрийн эрх мэдэлтнүүд, холбогдох хуулийн байгууллагад нь мэдэгдэх зорилгоор жагсана гэжээ.
Энэ бүхнийг дэмжиж дуучин М.Нара өөрийн үзэл бодлыг илэрхийлэн УИХ-ын гишүүн С.Одонтуяагийн “манж” үгстэй ил захидалд хатуухан хариулт өгсөн бөгөөд өөрийн цахим хуудсаар дамжуулан ирэх бямба гарагт Чингисийн талбайд болох жагсаалд эхчүүд, эмэгтэйчүүдийг оролцохыг уриалжээ. Дуучин бүсгүйн сонсогч фэнүүдийн зүгээс уг хэрэгт гүн эмгэнэн харуусч буйгаа илэрхийлэн “Жирийн нэг эмэгтэй ингэж уриалсан бол хэн ч тоохгүй. Харин олны танил эмэгтэйчүүдийн ингэж дуу хоолой, үзэл бодлоороо нэгдэж зөв зүйлийн төлөө тэмцэнэ гэж байгаа нь сайн хэрэг” хэмээн дэмжсэн төдийгүй зарим олны танил эрчүүд ч эл өдөр нэгдэхээ албан ёсоор мэдэгдлээ.