Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд Эрүүл мэндийн салбарын ажилтны хариуцлагын даатгалын тогтолцоог бий болгохоор заасныг хэрэгжүүлэх зорилгоор Эрүүл мэндийн сайдын 2012 оны 388 тоот тушаалаар “Эрүүл мэндийн ажилтны хариуцлагын даатгалын тухай” хуулийн үзэл баримтлал, төсөл боловсруулах ажлын хэсгийг тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Хатанбаатараар ахлуулан байгуулсан.
Ажлын хэсэг нь бүх шатны эрүүл мэндийн байгууллагуудыг хамруулан “Эрүүл мэндийн ажилтны үйл ажиллагаанд тохиолдож болох эмнэлгийн ажилтны хариуцлагын даатгалд хамруулах шаардлагатай эрсдлүүдийн үнэлгээ болон Монгол улсын хэмжээнд хэрэгжиж буй хариуцлага, даатгалтай холбоотой хууль, эрх зүйн баримт бичгүүдэд харьцуулсан үнэлгээг хийж дуусгаад байна. Мөн эрүүл мэндийн ажилтны хариуцлагын даатгалын талаар АНУ, Оросийн холбооны улс, Эстоний, Англи зэрэг гадаад орнуудын холбогдох хууль, эрх зүйн баримтуудыг судлан, шаардлагатай зарим хууль, эрх зүйн баримтуудыг орчуулаад байгаа бөгөөд дээрхи судалгаа, үнэлгээ, цуглуулсан баримт дээр тулгуурлан “Эрүүл мэндийн ажилтны хариуцлагын даатгалын тухай” хуулийн үзэл баримтлал, хуулийн төслийг боловсруулаад байна.
“Эрүүл мэндийн ажилтны хариуцлагын даатгалын тухай” хуулийн үзэл баримтлал, төсөл боловсруулах ажлын хэсгийн ээлжит хурал 2013 оны 5 сарын 6-нд хуралдлаа. Уг хурлаар ажлын хэсэг байгуулагдснаас хойш хийгдсэн дээрхи ажлуудын үр дүн болон шинээр боловсруулсан хуулийн төслийг хэлэлцлээ. Ажлын хэсгийн хурлаас гишүүдийн хуулийн төсөлд оруулах эцсийн саналыг 5 сарын 16-ны өдөр хүртэл хүлээн авахаар тогтлоо.