Өөрөө өөртөө ажил гаргадаг худалдаачдаа төр засаг харж үзэхгүй байна гэж гар дээрээс наймаа хийдэг хүмүүс шүүмжилж байна. Нийслэлийн гудамж талбайд ил задгай буюу гар дээрээс худалдаа хийхийг хотын удирдлагууд хориглосон. Гэтэл улсаас тусламж гуйлгүйгээр ширхэгийн бохь чихэр зарж амьжиргаагаа залгуулдаг тухайгаа гар дээрээс худалдаа эрхлэгчид учирлаж байна. Тэд жилийн 4 улирал бүр халуунд халж, хүйтэнд хөрч, хүн ихтэй газар худалдаа хийж суудаг. Нас сүүдэр 50 гарч, эрүүл мэндийн хувьд хэцүүхэн байдаг ч хоосон хонохгүйн тулд бохь, чихэр, печень, гаа, чавга гэх жижиг бараа зарж өдөртөө 5000-15000 төгрөгний ашигтай ажилладаг. Орой түлээ нүүрс авч гэртээ дулаан хонох гэж өдөр нь ийнхүү зогсдог гэнэ.
Хотын төвд бохь, чихэр зарж өдөржин зогсдог Б.Сувд хэмээх эмэгтэй “Гар дээрээс худалдаа эрхэлнэ гэдэг нэг талаараа хууль бус зүйл гэдгийг мэдэж байгаа ч бид нартай хууль ярих шаардлагагүй. Бид маргаашийн төлөө л өнөөдөр ингэж зогсож байна. Гэвч бидний ирээдүй бүрхэг байна” гэж хоолой зангируулан байж ярьлаа.
Хотын төвдөө л гэхэд Теди худалдааны төвийг тойрч 10 гаруй хүн ширхэгийн наймаа хийдэг. Тэдний хувьд нас нь 50 гарсан, хөдөлмөрийн чадвар муудсан, мэдлэг боловсролгүйн дээр ажилд орох гээд хайхад өнгө зүс, өндөр нам заагаад байдаг учир гар дээрээс наймаа хийхээс өөр аргагүй байдаг байна.
Аргагүйн эрхэнд амьдралаа авч явахын тулд хүнээс гуйлга гуйж, тэнгэр хараад суух биш халуунд халж, хүйтэнд хөрж тодорхой хэмжээний хөдөлмөр эрхэлж байгаа учраас төр засгаас харж үзэх зайлшгүй шаардлагатай байгааг худалдаа эрхлэгчид хэлж байна. “Төрийн цагдаад хийх ажил их бий. Гэтэл гар дээрээс худалдаа хийдэг настайчуудаа хөөж туухаас өөр ажил хийж байна уу” гэж нэрээ хэлэхийг хүсээгүй худалдаачин бухимдаж сууна.
Л.Цэрэндолгор