2015 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Монгол улсын Төрийн албаны зөвлөлийн 05 дугаар хуралдаан болж зарим яамдын төрийн нарийн бичгийн дарга нарыг томилохын зэрэгцээ Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газрын харилцаа, геодези зураг зүйн газарт хийсэн хяналт шалгалтын дүнг хэлэлцсэн байна. Тус хурлаар хууль тогтоомжийн биелэлтийг хангалтгүй зохион байгуулсан Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагайд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцож огцруулахыг үүрэг болгосон тогтоолыг Засгийн газарт хүргүүлжээ. А.Хүрэлшагай дарга 2012 оны 09 дүгээр сараас хойш төрийн захиргааны мэргэшсэн албан хаагчдыг хомроглон халсан бөгөөд бүтцээ нийт 7 удаа өөрчилсөн хэдий ч өнөөдрийг хүртэл оновчтой шийдэл гаргаж чадаагүй, Засгийн газрын тогтоол зөрчсөн бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг батлуулж мөрдөж байна. А.Хүрэлшагай дарга үүгээр ч зогсохгүй 5 тэрбум 500 саяын төсөв мөнгө, тендерийн асуудлаар Авилгатай тэмцэх газар, Захиргааны хэргийн шүүхэд шалгагдаж байгаа аж.
Дашрамд дурьдахад А.Хүрэлшагай халаа сэлгээний асуудлаар Төрийн албаны зөвлөлийн 2014 оны 164 дүгээр тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн захиргааны хэргийн шүүхэд хандсан байна. Төрийн албаны тухай хуулинд зааснаар Төрийн албаны зөвлөлөөс шийдвэр гарсныг ямар ч захиргааны байгууллагын албан тушаалтан биелүүлэх үүрэгтэй ажээ. Гэтэл А.Хүрэлшагай үүнийг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн зүтгэсэн аж. Шүүх хурал энэ сарын дундуур Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүх дээр болно.