Хэвийн боовоо ашиглан бүрж шарсан тахиа хийцгээе

Сар шинийн баярыг хотол олноороо өргөн сайхан тэмдэглэн өнгөрлөө. Харин айл бүрт хэвийн боов үлддэг. Хүүхэд багачууд цайнд дэвтээж иддэг ч нэг л дуусч өгөхгүй байна уу. Тэгвэл хэвийн боовыг олон төрлийн хоол хийхэд ашиглаж болдгийг та мэдэх үү?

1. Юуны түрүүнд та хэвийн боовоо хэрхэн зөв хадгалсан бэ? Нойтон чийгтэй орчинд гялгар торонд хийж хадгалсан бол боод хөгзөрч мууддаг. Харин хуурай, сэрүүн нөхцөлд даавуун уутанд хийж хадгалах тохиромжтой байдаг. Цагаан сараас хойш танай хэвийн боов багагүй хатсан байх гэж бодож байна.

2 .Ингээд хэвийн боовыг дундуур нь хугалаж голын хээтэй нимгэн хэсгийг салгаж аваад гараараа жижиглэн хугал. Үүний дараа уут, тор эсвэл сонинд боож байгаал алхаар нүдэж нунтаглаарай. Хэвийн боовны энэ хэсэг нимгэн учраас хатаж хатуурсан байдаг тул хатаамал үйрмэг хийж шарсан мах амтлахад амттай, сайхан болдог.

 

3. Эсвэл ногоо үрэгч ашиглан үйрүүлэн нунтаглаж болдог.

4.  Эсвэл хугалаж жижиглэсэн хэсгээ food processor – хоол бутлагчинд хийж жижиглэн нунтаглах арга бий. Нунтагласан хэвийн боовны үйрмэгт 1/4 цайны халбага давс, 1/4 цайны халбага хар перц эсвэл улаан перц хийж сайтар холиорой.

5.  Ингээд тахианы цээж махыг /тахианы далавч байж болно./ бэлтгэнэ. Жижиглэн хэрчиж болно эсвэл томоор нимгэн хэрчээрэй.

6. Үүний дараа 2 ширхэг өндгийг хагалаж дээрээс нь 1/2 цайны аяга сүү хийж сайтар миксэрдэнэ. Гар миксэр болон сэрээ ашиглаарай.

7. Ингээд 1/2 цайны халбага давс, 1/4 цайны халбага хар перц хийж мөн адил миксэрдэнэ.

8. Тахиан махыг сайтар дүрж норгож дэвтээнэ.

9. Ингээд тахиан махыг хэвийн боовны үйрмэгт дүрж булхуулна.

10. Тахиан махыг хэвийн боовны үйрмэгээр жигд бүрж өгөөрэй.

 

11. Ингээд 175С хэмд урьдчилан халаасан шарах шүүгээнд хийж 20-25 минут шарна. Хүнсний цаас ашиглах эсвэл шарах шүүгээний хавтанг тослоорой. Хэвийн боовыг тосонд шарж болгодог учраас дахин тосонд шарах хэрэггүй. Гэхдээ та хүсвэл тахианы махыг урьдчилан чанаад дээрх аргаар амтлаад халаасан ургамлын тосонд хийж 1-2 минут түргэн шарж болно.

12. Хэвийн боовны үйрмэгээр амталсан тахиан мах маань бэлэн боллоо. Сайхан хооллоорой.

13. Тахиан мөчийг ч гэсэн дээрх аргаар амтлаж шарж болгоно гэдгийг санаарай.

эх сурвалж: 1000jor.mn

Санал болгох мэдээ

ДЭМБ-аас зөвлөж буй дархлаа дэмжих хүнснүүд

Цар тахлын үед сэтгэл тайван байх, унтаж амрах, шим тэжээлтэй хүнс хэрэглэснээр дархлаа дэмжигдэж, халдварын …