Үр тарианы хоёрдогч таримал болох арвай, хошуу будаа, хөх тариа, тритикаль зэрэг таримлыг газар тариалангийн аль ч бүсэд үр болон ногоон тэжээлийн зориулалтаар тариалахад ургалтын хугацааны хувьд бүрэн боломжтой. Учир нь эдгээр таримлууд нь буудайнаас ургалтын хугацаа богино байдаг онцлогтой.
Сорт сонголтын хувьд манай орны нөхцөлд нутагшсан хүнсний арвайн Ноёт, АлагЭрдэнэ, тэжээл болон пивоны зориулалтын Бурхант-1, Бурхант-59, Шимт, хошуу будааны Ровестник, Корифей, тритикалийн Хишигт-15, Анар, хөх тарианы Онохойская зэрэг баталгаажсан ганд харьцангуй тэсвэртэй сортуудыг сонгон тариалахыг зөвлөж байна.
Тос, тэжээл, техникийн таримлын тухайд тариалах агро технологийг нарийн тохируулах, өндөр ургац бус хөрс цаг уурын нөөцөд тулгуурлан дасан зохицох, тогтворжуулах, эрсдэлийг даван гарах технологи барих нь ихээхэн чухал байна.
Тэжээлийн хоёрдогч таримлаас хошуу будааг 5-р сарын 1-10-нд 100-120 кг/га нормоор, арвайг 5-р сарын 15-20-нд 120-140 кг/га нормоор, 5-7 см гүнд тариалбал зохино. Рапс, канолагийн таримлын тухайд богино болцтой буюу ургалтын хугацаа 90-100 хоногтой, ганд тэсвэртэй, халуунд стресс багатай сортуудыг сонгох шаардлагатай.
Рапс, канолаг хаврын нөөц чийг, дулааны тохиромжтой үеийг ашиглаж 5-р сарын 10- 20-нд, 6-8 кг/га үрийн нормоор, хөрсний онцлог, чийгээс хамаарч 2.5-3.5 см гүнд тариалах нь тохиромжтой.
Буурцагт ургамлын хувьд тухайн бүс нутгийн хөрсний нөөц чийг, дулаанаас хамаараад хоногийн дундаж хэм +5-80С-ээс тогтвортой дулаарсан үед вандуйг, +10- 120С-ээс давсан үед шар буурцгийг тариалбал зохино. Вандуйг 5-р сарын эхний 10 хоног, 180-200 кг/га нормоор, 5-6 см гүнд, шар буурцгийг 5-р сарын 15 25-нд, 90-100 кг/га нормоор, 5-6 см гүнд тариална. Хөрсөн дэх хог ургамлын нөөцөөс хамаараад тарилтын дараах гербицид буюу тариалснаас 3-4 хоногт Тристар гербицидийг 2-2.5 л/га нормоор шүрших нь хөгжлийн эхний үеүдэд хог ургамалд дарангуйлагдахаас хамгаална.
Сүүлийн жилүүдэд ногоон тэжээлийн тариалалт эрчимтэй нэмэгдэж байна. Гэвч дан 1 таримал тариалах нь зохимжгүй ба 2-3 таримлын холимог тариалах нь ургац, тэжээллэг чанарын хувьд шаардлагад нийцсэн ногоон тэжээл болно. Манай орны нөхцөлд холимог ногоон тэжээл тариалахдаа 70-80% үет ургамал /хошуу будаа, арвай, тритикал-120-140 кг/, 20-30% буурцагт ургамал /вандуй, гийс 40-60 кг-нийт 180-200 кг/-ын холимог тохиромжтой. Тариалах хугацааны хувьд 6-р сарын 1, 2 дугаар арав хоногт багтаан тариална.
Ugluu.mn
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл