Сурагчийн дүрэмт хувцасны үнэ 114 мянгаас 375 мянган төгрөгт хүрч байна

Хичээлийн шинэ жил эхлэхэд цөөн хоног үлдсэн энэ үед сурагчийн дүрэмт хувцасны худалдаа эрчимжиж байна. Худалдааны цэгүүдэд дүрэмт хувцасны үнэ үйлдвэрлэгч, загвар болон ангиас хамааран харилцан адилгүй байгаа бөгөөд нэг хүүхдийн хичээлийн шинэ жилийн бэлтгэлд зарцуулах зардал 500 мянган төгрөгөөс давах тохиолдол байна.

Сүүлийн үеийн сурвалжилгад дурдсанаар бага ангийн сурагчийн дүрэмт хувцас 140–210 мянган төгрөг, дунд ангийнх 230–240 мянган төгрөг, ахлах ангийнх 250–270 мянган төгрөгийн үнэтэй байна. Үүнд хичээлийн хэрэглэл, цүнх болон бусад шаардлагатай зүйлсийн зардал нэмэгдэхээр нэг хүүхдийн хичээлийн бэлтгэл 500 мянга гаруй төгрөгт хүрч байна.

Харин “Фонтан” дээрх үзэсгэлэн худаандааны UNI-PRO брэндийн үнийн мэдээллээр сурагчийн дүрэмт хувцасны үнэ үүнээс ч өндөр байна.

Тус худалдааны цэгт бага ангийн охидын дүрэмт хувцас 235 мянган төгрөг, хөвгүүдийнх 245 мянган төгрөг байна. Дунд ангийн охид, хөвгүүдийн дүрэмт хувцас тус бүр 305 мянган төгрөгийн үнэтэй бол ахлах ангийн охидынх 365 мянга, хөвгүүдийнх 375 мянган төгрөгт хүрчээ.

Сурагчийн дүрэмт хувцасны үндсэн иж бүрдлээс гадна цүнх, гутал, биеийн тамирын хувцас, поло цамц, футболк, оймс зэрэг нэмэлт хэрэгцээ гардаг. Үүний улмаас нэг хүүхдийн хичээлийн шинэ жилийн нийт зардал зөвхөн дүрэмт хувцасны үнээс хэд дахин нэмэгдэх боломжтой.

Дүрэмт хувцасны үнэ өнгөрсөн жилтэй харьуулахад 5–10 мянган төгрөгөөр нэмэгджээ.

Ийнхүү хичээлийн шинэ жил эхлэхийн өмнөх өдрүүдэд сурагчийн дүрэмт хувцасны үнэ худалдааны цэг бүрд харилцан адилгүй байгаа бөгөөд эцэг эхчүүдэд үнэ, иж бүрдэл болон чанарыг харьцуулан сонгох шаардлага тулгарч байна.

Н. Энхтуул

Санал болгох мэдээ

Сангийн сайд З.Мэндсайхан Азийн хөгжлийн банкны Дэд ерөнхийлөгч Скотт Моррисыг хүлээн авч уулзлаа

Азийн хөгжлийн банк (АХБ)-ны Дэд ерөнхийлөгч Скотт Моррис Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын …