Бий биелгээ бол миний амьсгал, бүжиг бол миний зүрхний цохилт

Намайг Даржаагийн Баттөмөр гэдэг. Би соёлын биет бус өв тээгч, баяд ардын биелээч, бүжигчин, найруулагч, бүжгийн багш хүн.

Монголын уламжлалт бүжгийн урлаг, тэр дундаа баруун монголын баяд ардын бий биелгээ нь соёлын биет бус өвийн үнэт илэрхийлэл билээ. Энэхүү өв соёлыг тээн уламжилж, уран бүтээлийн амьдралаа зориулан 62 жилийн турш тасралтгүй хөдөлмөрлөж ирлээ. Амьдралыг минь хөтөлсөн бүжгийн урлагийн замналд Монгол Улсын Ардын багш, БНМАУ-ын гавьяат жүжигчин, профессор Гарамын Долгорсүрэн, БНМАУ-ын Ардын жүжигчин, Төрийн шагналт, ХХ зууны манлай бүжиг дэглээч Цэрэндуламын Сэвжид хэмээх эрдэмтэн багш нарын онол, заах арга зүй, уран сайхны өндөр шалгуур, сургалтын уламжлал онцгой нөлөө үзүүлсэн.

Түүнчлэн эцэг эхээс өвлөн авсан бүжгийн суурь хүмүүжил, хөдөлгөөний соёл, дотоод хэмнэл нь миний уран бүтээлийн мөн чанарыг тодорхойлж, бий биелгээний өв уламжлалыг жинхэнэ эх хэлбэрээр нь хадгалан түгээхэд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн. Ийнхүү багш нар, гэр бүлийн уламжлал, хувийн уран бүтээлийн эрэл хайгуул гурвын огтлолцолд бий болсон энэ замнал минь зөвхөн хувь хүний амжилт бус, харин Монголын бүжгийн урлагийн залгамж чанар, өвлөн уламжлах тасралтгүй үйл явцын нэгэн илэрхийлэл гэж би боддог.

Бий биелгээ бол хөдөлгөөний урлаг төдийгүй, сэтгэлгээ, ёс заншил, ахуй амьдралын нэгдэл бөгөөд түүнийг хадгалан хамгаалах, хойч үедээ өвлөн уламжлуулах нь уран бүтээлчийн нийгмийн хариуцлага, соёлын үүрэг мөн. Бий биелгээ бол миний амьсгал, бүжиг бол миний зүрхний цохилт.

Үндэснийхээ өв соёлыг дээдлэн, хойч үедээ өвлүүлэн үлдээх нь миний үүрэг, миний бахархал юм.

Эх сурвалж: Montsame.mn

Санал болгох мэдээ

Ханиадаас сэргийлэх чихний массаж

Хүйтэн сэрүүний улиралд элдэв эм тариа хэрэглэхгүйгээр өөрийгөө халдвараас сэргийлэх боломжтой аж. Түвдийн уламжлалт анагаах …