Шинийн 15-ны билэгт сайн энэ өдөр МҮОНТВ-ийн мэдээллийн төвд нас буян арвижуулах 1080 Цэнд Аюуш бурхан бүтээн босгох төслийн талаархи хэвлэлийн бага хурал боллоо.
“Насан хутаг, буян заяаг дэлгэрүүлэх шүтээн 1080 Цэнд-Аюуш бурхан бүтээн залах төсөл”-ийг Ховд аймгийн ИТХ, ЗДТГ, Ховд аймгийн Хөгжлийн төлөө сан, Ганданпунцагчойлон хийдээс хамтран Ховд аймагт энэ онд хэрэгжүүлэх юм.
Төслийн нээлтийг 2013 онд Улаанбаатар хотноо хийж байсан бол тус аймгийн ИТХ-ын тогтоол, Засаг даргын захирамжаар төсөл хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа аж.
Төслийн талаар танилцуулах хэвлэлийн хуралд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, гавж, хансүр Ё.Амгалан, Ховд аймгийн Хөгжлийн төлөө сангийн Ерөнхийлөгч Ш.Адьшаа, Ховд аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга Б.Банзрагч, Ховд аймгийн Ганданпунцагчойлон хийдийн ловон лам, шүтээн урлаач Б.Соёл-Эрдэнэ, Ховд аймгийн Хөгжлийн төлөө сангийн тэргүүн дэд Ерөнхийлөгч Л.Жигдбаяр, н.Гэрэлт-Од нар оролцов.
Цаглашгүй нас буянт Цэнд-Аюуш бурхан нь: Бадмаараг эрдэнэ мэт улаан дүртэй, амарлингуй намба төрхтэй, нэг нүүрт мутраа тэгш агуулан, Цэ Бумба буюу нас буяныг дэлгэрүүлэхийн мөн чанартай, үхэшгүй мөнхийн рашаанаар дүүрэн алтан бумба барьж, очир завилгаагаар бадамлянхуа цэцэг бүхий наран, саран дэвсгэр дээр залрах амирлангуй дүрт бурхан юм.
Энэтхэгийн их гэгээнтэн Нагаржунай богд энэхүү бурхныг шүтэж бүтээлийг нь гүйцээн 500 насалсан түүхэн баримт бий.
Цэнд бурхны магтаалд:
“Гадаад далайн усыг дуслаар тоолж болно.
Цэнд-Аюуш бурхны насыг хэн ч тоолж чадахгүй.
Сүмбэр уулын чулууг ширхэгээр нь тоолж болно.
Цэнд-Аюуш бурхны буяныг хэн ч тоолж чадахгүй” гэжээ.
Тиймийн учир Цэнд-Аюуш бурхан нь нас буяныг тэтгэн арвижуулагч бурхан юм.
Бурхан ном бүтээсний ач тус, үр өгөөжийг ном сударт:
“Нэгдүгээрт адгуус, бирд, там болох 3 муу заяанд үл унах
Хоёрдугаарт мунхагийн харанхуй арилж, оюун ухаан ариусах
Гуравдугаарт нас хомстох гэмээс хагацаж нас арвидах
Дөрөвдүгээрт зургаан язгуурын амьтад дотроос тэнгэр, хүний дээд төрөлд төрөх
Тавдугаарт төгс эд эдлэл, идээ ундаа арвидах
Зургаадугаарт хилэнцэт нөхрөөс хагацаж, сайн нөхөр лүгээ учрах
Долоодугаарт өнгө зүс төгөлдөрших
Наймдугаарт гэр бүл, айл өрх, хошуу нутгаараа эв эеийг сахих зэрэг хураах буян цаглашгүй” гэжээ.
“Цэнд бурхныг бүтээснээр бурхад, сахиус газар усны эзэд баясаж, орон нутагт ган, зуд арилж, хур бороо цагтаа бууж, нийт түмний нас буяны зэтгэр саад амирлаж, буян заяа тэгшрэх, устаж үгүй болсон соёлын үнэт өв бий болж хойч үедээ өвлүүлэн үлдээх, сүм хийд, аймаг орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулж нэр хүнд өсөх, тус бурхныг олон тоогоор бүтээсэн анхны аймаг болох, дотоод, гадаадын жуулчдын тоо нэмэгдэх зэрэг олон талын ач холбогдолтой төслийн ажил болно” гэдгийг хэрэгжүүлж, зохион байгуулагчид онцолж байсан юм.
Дашрамд дурдахад Ховд хотод Монголд томоохонд тооцогдох бурхан шашны соёл, уламжлалын төв Ганданпунцагчойлон хийд байдаг бөгөөд Ховд аймгийн Хөгжлийн төлөө сангийн санаачилга, зохион байгуулалтаар 2010 оны 08 сард байгуулагдан буян номын үйл ажиллагаагаа эхэлснээс хойш өдгөө 5 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Тус хийдээс 5 жилийн ойн хүрээнд сүсэгтэн олонтойгоо хамтран “Насан хутаг, буян заяаг дэлгэрүүлэх шүтээн 1080 Цэнд-Аюуш бурхан бүтээн залах төсөл”-ийг хэрэгжүүлж дуусгах юм.
Г.Эрдэм