Өнөөдөр шинийн 15-ны билэгт сайн өдөр Хан-Уул дүүргийн 8-р хороонд 240 хүүхдийн багтаамжтай 209 дүгээр цэцэрлэг шинээр ашиглалтанд орлоо. Тус цэцэрлэгийн албан ёсны нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Л.Болд, УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, БСШУЯ-ны дэд сайд Я.Төмөрбаатар, ХУД-ийн Засаг дарга Ж.Ганхуяг, ИТХ-ын дарга Д.Батбилэг НХХ-ийн дарга Б.Булган ХУД-ийн 8-р хорооны Засаг дарга Ё.Цацралтуяа болон албаны бусад хүмүүс оролцлоо. ХУД-ийн Засаг дарга Ж.Ганхуяг хэлэхдээ” Манай дүүрэг “Зөв монгол хүүхэд” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ХУД-т “Хүүхдэд ээлтэй Хан-Уул” хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна. Тус 8-р хороо нь 11030 хүн амтай, цэцэрлэгийн насны 913 хүүхэдтэй бөгөөд дүүргийнхээ түүхт 50 жилийн ойн босгон дээр сургуулийн өмнөх боловсрол эзэмшихээр 240 хүүхэд шинээр энэ сайхан цэцэрлэгт элсэн орж, 41 багш, ажилчид тэднийг сурган хүмүүжүүлэхээр цэцэрлэгийн үйл ажиллагаагаа эхлүүлж байгаад таатай байна” гэлээ.
209-р цэцэрлэгийн барилгын зураг төслийг “Өрх” ХХК зохиож, барилгын ажлыг “Өсөх урам” ХХК гүйцэтгэсэн байна.
ХУД-ийн 8-р хороо нь 11030 мянган хүн амтай. 2-5 насны 913 хүүхэдтэй. Үүнээс: Цэцэрлэгт хамрагдсан, сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байгаа 315. Огт цэцэрлэгт хамрагдаж чадаагүй 598 хүүхэд байсны 240 нь тус цэцэрлэгт хамрагдаад байна. 209 дүгээр цэцэрлэгт 41 багш, боловсон хүчин ажиллаж байгаа бөгөөд бүгд дүүргийнхээ 8-р хорооны иргэд ажиллаж байгааг Засаг дарга нь онцолж байлаа.
Мөн Хан-Уул дүүрэгт 2015 онд 16-р хороонд 240 ортой цэцэрлэгийн барилга,11-р хороонд 240 ортой 35-р цэцэрлэгийн барилга,2-р хороонд 240 ортой 27-р цэцэрлэгийн барилга,16-р хороонд 640 хүүхдийн сургуулийн барилга,10-р хороонд 920 хүүхдийн спортын төрөлжсөн сургууль,5-р хороонд 100 ортой Хүүхдийн эмнэлэгийн барилга,14-р хороонд бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилга, 15-р хороонд бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилга зэрэг томоохон ажлууд хийгдэх юм байна.