Залуучуудын Хөдөлмөрийн төв бирж нь оюутан залуусын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр олон үйл ажиллагааг санаачлан хэрэгжүүлж байгаагийн нэг нь “Цагийн ажил” буюу “PART TIME ” төсөл юм. Энэхүү төслийн хүрээнд өнгөрсөн 2 жилийн хугацаанд цагийн болон түр ажлын байрны зуучлал хийгдэхэд цагийн ажил хайгч залуусын 80 орчим хувь нь оюутан залуучууд байсан юм.
Цагийн ажил хэмээх ажлын байрны нэгэн хэлбэр манай улсад нэвтрээд нэлээдгүй хугацааг өнгөрүүлж байна. Олон улсын хэмжээнд хамгийн дээд цэгтээ хүртэл хөгжсөн энэ систем манай улсад бага багаар хөгжсөөр байна. Ажилд орох хүсэлтэй залуусыг ажлын дадлага туршлагагүй, тууштай биш гэсэн шалтгаанаар ажлын зарыг ОЮУТАН БИШ гэсэн томоос том брэнд үгээр гарчигладаг. Тиймээс Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн төв бирж нь Пүрэв гараг бүр залуустаа зориулж “PART TIME” цагийн ажил хайгчдын чиглүүлэх сургалт зохион байгуулж байна. Энэхүү сургалт нь Цагийн ажил гэж юу вэ?, Цагийн ажлын байрны ажлын хөлс?, Ажил олгогчтой хэрхэн уулзах вэ?, Цагийн ажил хийснээр ?, Цагийн ажлыг хэрхэн хийх ёстой вэ? гэсэн зөвлөгөө өгөхөөс гадна тухайн өдрийн цагийн ажлын мэдээллийг оюутан залууст хүргэсээр байна. Энэхүү сургалтанд хамрагдсан залуус нь ажил олгогчдын тавигдах шаардлагыг бүрэн биелүүлж, тууштай байх дадлыг өөртөө бий болгож байна.