Мал аж ахуйд түшиглэсэн сумдад түүхий эд боловсруулах үйлдвэр байгуулах шаардлагатай
Завсарлага авсан УИХ-ын гишүүд нийслэл болон орон нутагт ажиллаж, иргэд, сонгочидтой уулзалт хийсээр байна. УИХ дахь АН-ын дарга Д.Эрдэнэбат өнгөрөгч долоо хоногийн сүүлийн өдрүүдэд Архангай аймгийн Хашаат, Өгий нуур, Өлзийт, Батцэнгэл, Эрдэнэбулган зэрэг сумдад ажиллалаа. Тэрбээр тус аймагт Орон нутгийг хөгжүүлэх сангийн талаар иргэдэд мэдээлэл өгөх, уг сангийн хөрөнгийг орон нутагт хэрхэн зарцуулж байгаад хяналт тавих, мөн түүнчлэн Ардчилсан намаас нэр дэвшигч Цахиагийн Элбэгдоржийг дэмжих зорилготой уулзалтуудыг зохион байгуулсан юм.
Эрхэм гишүүний эхний “өртөө” нь аймгийнхаа төвөөс зүүн тийш 170 гаруй км, Улаанбаатараас 370 км зайд орших Хашаат сум байв. Биднийг очиход сургууль, цэцэрлэгийн багш нар амарч, төрийн албан хаагчид нь сонгуулийн хэсгийн хороодод томилогдон, ажил үүргийнхээ дагуу багууд дээр ажиллаж, малчид зусландаа гараад байсны дээр уулзалтын тухай зарыг оройтож хүргэсэн ч клуб дүүрэн хүн цугласан юм.
Сумын Орон нутгийг хөгжүүлэх санд 293 сая төгрөг хуваарилагдсан байна. Энэ хөрөнгийг Долоон голын үүрийг засах, наадмын талбайг сэргээн засварлах, баг бүрийн хуучин худгийг сэргээн засварлаж, шинэ худаг барьж өгөх зэрэг ажилд зарцуулахаар Иргэдийн төлөөлөгчдийн хурлаараа хэлэлцэж, шийдвэрлэжээ. Эдгээр нь зөвхөн худалдан авахад чиглэгдэж байгаа бөгөөд эдийн засгаа дэмжсэн бодлого дутагдаж байгаад УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат шүүмжлэлтэй хандав. Тулгамдсан асуудлуудын тухайд замын асудлыг нэн тэргүүнд хөндөж байв. Учир нь зуд, борооноор зам нь хаагддаг аж.
Хашаат сум 3313 хүн амтай, 237.014 толгой малтай. Монголын нийт малын тоо толгойг нийт сумдадаа хувааж үзэхэд, нэг суманд дунджаар 150 мянган толгой мал ногдож байна. Тэгэхээр 200 мянгаас дээш тооны малтай сум бол харьцангуй баян, хөгжих боломжтой суманд тооцогдоно. Үүний тулд юуны өмнө малаас гарах түүхий эдийг боловсруулах анхан шатны үйлдвэрүүд байгуулах хэрэгтэй. Энэ чиглэлд орон нутгийн удирдлага, иргэд хамтарч ажиллах шаардлагатай. Сумын хөгжлийн сангийн хөрөнгийг ч ялгаагүй, ах, дүү, найз нөхөд, намынхандаа хувааж тараалгүйгээр жинхэнэ юм хийх гэсэн хүнээ дэмжин, хөрөнгө оруулж, улс төржиж, талцалгүйгээр хамтарч ажиллацгаая. Ажил хөдөлмөр хийх чадвартай хүмүүст ажил хийх нөхцөл бололцоог нь бүрдүүлж өгнө гэдгийг Ардчилсан намын Бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэлж байсан юм.
Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр гүйцэтгэх ажлын жагсаалтыг шинэчлэх эрх иргэдэд бий
14 цагт эхэлсэн Хашаат сумын иргэдтэй хийх уулзалт 16 цагт өндөрлөж, Өгий нуур сумыг зорин хөдөллөө. Замдаа “Хөшөөт цайдам” хэмээх Түрэгийн хаант улсын хөшөө, дурсгалыг дэлгэн харуулсан музейд саатан сонирхсон юм. Хашаатаас Өгий нуур хүртэл 100 км бөгөөд “Хөшөөт цайдам” музей нь хоёр сумын дунд, зам дагуу байрлах аж. 1889 онд Оросын эрдэмтэн Н.М.Ядринцев Орхон голын хөндийд орших том хөшөөдийг нутгийн ардын тусламжтайгаар олж, олон орны эрдэмтдийн сонорт хүргэж байсан гэдэг. Эдгээр хөшөөдөөс гадна Билгэ хааны алтан титэм, Культегин хааны чулуун хөшөөний толгой, мөнгөн буга зэрэг олон сонирхолтой үзмэрүүдийг дэлгэн харуулсан энэ музей 2010 онд байгуулагджээ.
Музей үзэж сонирхсоны дараа ажлын хэсгийнхэн Өгий нуур суманд ирлээ. Өмнөх сумыг бодвол зохион байгуулалт, өнгө зүс сайтай болох нь үүднээсээ эхлээд мэрэгдэнэ. 3021 хүн амтай, 202.000 малтай тус сумын нутагт Өгий нуур оршдог. Тиймээс эко сум болох зорилт тавин, Өгий нуурын усны түвшинг нэмэгдүүлэх, орчныг нь хамгаалахад орон нутгийн удирдлага ихээхэн анхаарал тавин ажиллаж байгаа нь анзаарагдаж байлаа. Мөн нутаг дэвсгэрийг нь бүхэлд нь “эзлэн түрэмгийлээд” байгаа үлий цагаан оготнотой “дайн зарласан” хэдий ч дийлэхгүй байгаагаа Засаг дарга н.Алтангэрэл дуулгаад амжиналээ. Архангай аймаг энэ зун ерөнхийдөө хур бороо багатай, зуншлага тааруу байна. Үүний дээр үлий цагаан оготнууд бэлчээр сүйтгэж байгаа нь малчдын хувьд тулгамдсан асуудал болоод байгаа юм.
Сумын Орон нутгийг хөгжүүлэх санд энэ жил 253 сая төгрөг хуваарилагдсан бөгөөд энэ хөрөнгөөр халуун ус барих, хог хаягдлын үйлчилгээний байнгын ажиллагааг хангах, худагт засвар хийж, цэвэршүүлэх төхөөрөмж тавих, баяр наадам тэмдэглэх гэхчлэн 16 ажил эрэмбэлэн жагсаасан байлаа. Гэхдээ Хашаат сумын нэгэн адил уг жагсаалтыг гаргахдаа иргэдээрээ хэлэлцүүлээгүй, үүнийгээ “төсвийн тухай хуулинд заасан хугацаанд баригдаад амжаагүй” гэсэн тайлбар хийв. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийх ажлын жагсаалтыг орон нутгийн удирдлагууд багийн иргэдтэйгээ хамтран хэлэлцэж шийдвэрлэх эрх зүйн орчныг хуулиараа бүрдүүлсэн. Хэрэв иргэдтэйгээ хэлэлцээгүй бол дахин хэлэлцүүлэг хийж, жагсаалтыг шинэчлэх эрх нь иргэдэд бий. Энэ бол шууд ардчилал иргэдийн оролцоо юм гэдгийг Д.Эрдэнэбат дарга уулзалт бүртээ онцлон хэлж байсан юм.
Зөвхөн хүүхэд, хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд халамж хүртээнэ
Бямба гарагийн өглөө 09 цагт Өгий нуурын эрэг дээр орших жуулчны баазаас хөдлөн, Улаанбаатараас 370, аймгийн төвөөс зүүн тийш 140 км зайд орших Өлзийт сумын төвд ирлээ. Сумын Засаг дарга болон ИТХ-ын дарга нь эзгүй, сонгуулийн ажлаар багууд уруугаа явсан байв. Дарга нар нь эзгүй болохоор зориг орсон уу, иргэд нэлээд идэвхтэй асуулт тавьж, саналаа хэлж байлаа. Тухайлбал, малчид хамгийн бага буюу 180 мянган төгрөгийн тэтгэвэр авч байгаа, үүнийг нэмэгдүүлж өгөөч гэсэн хүсэлтийг ахмадууд тавьж байв. Энэ талаар Д.Эрдэнэбат гишүүн байр сууриа илэрхийлэхдээ “Монголын төр манай улсыг хохироож буй бэлэнчлэх сэтгэлгээг үгүй хийхийг чармайж байна. Үүний тулд хавтгайрсан халамжийг зогсоож, баялгийг хуваарилах сангаас зөвхөн хүүхэд, хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ахиухан халамж хүртээх бодлого баримталж ажиллана. Харин ажил хөдөлмөр хийх чадвартай хүмүүст ажил хийх нөхцөл бололцоог нь бүрдүүлж өгнө” гэсэн юм.
Энэ жил 90 жилийн ой нь тохиож буй тус сумын дөрвөн багийн 1058 өрхөд 3212 хүн амьдарч байна. 190714 толгой малтай. Орон нутгийг хөгжүүлэх санд 266 сая төгрөг хуваарилагдсан бөгөөд энэ хөрөнгөөр хогийн цэг цэгцлэх, эксковатар, ковш авах, халуун ус барих, булаг шандны эх хамгаалах, ой нөхөн сэргээх, наадмын талбайг шинэчлэн засварлах зэрэг арван ажил гүйцэтгэхээр төлөвлөсөн байна. Өлзийтийнхөн Сум хөгжүүлэх сангийн зээлээр эсгийний болон блокны хэд хэдэн үйлдвэр байгуулаад үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаа аж.