Улсын Их Хурлын гишүүн Р.Амаржаргал, Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл нар Олон Улсын Эмэгтэйчүүдийн Эрхийг хамгаалах өдрийг угтан Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам8 Жендэрийн үндэсний хороо, НҮБ-ын Хүн Амын Сангаас хамтран зохион байгуулсан “Хүчирхийллийг таслан зогсоох бидний оролцоо” сэдэвт арга хэмжээнд оролцлоо.
Тус лекцийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Р.Амаржаргал “Жендэрт суурилсан хүчирхийлэл ба гэр бүлийн хүчирхийллийг бууруулахад залуучуудад хандлага ба оролцоо” сэдвээр, УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл “Гэр бүлийн зөрчил маргааныг хүчирхийлэлгүйгээр шийдвэрлэх арга замууд” сэдвээр оюутан залуучуудад лекц уншлаа.
УИХ-ын гишүүд “Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл нь ялгаварлан гадуурхах явдлын нэг хэлбэр ба хүний эрхийн зөрчилд тооцогдож олон нийтийн анхаарлыг татсан асуудлын нэг болсон. Иймээс охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг устгах нь бид бүхний энэ цаг үеийн томоохон зорилтын нэг бөгөөд охид, эмэгтэйчүүд жендэрт суурилсан хүчирхийллээс ангид аюулгүй, хүний эрхийг хамгаалсан таатай орчныг бий болгохын төлөө хамтран их ажлыг хийх шаардлагатай байна.” гэдгийг онцлон тэмдэглэж байв.
Мөн энэхүү үйл ажиллагаатай холбогдуулан зарласан гэрэл зургийн уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээр үзэсгэлэн гаргаж, шилдэг бүтээлийн шагнал гардуулсан юм.
Арга хэмжээний төгсгөлд нь Улсын Их Хурлын гишүүд оюутан, залуусын сонирхсон асуултад хариулт өгч, чөлөөт ярилцлага өрнүүллээ.