Жавар тачигнасан хүйтэн цаг цаашилж, урин дулаан хавар цаг Монгол нутагт ирснийг зарлаж хөдөө нутагт нялх төлийн дуун цангинаж эхэллээ.
Өвлийн хүйтнийг өнөтэй давж, урин хавартай энх золгосон малчдын хотонд нялх төлийн дуу цангинаж, их ажил ундарч эхэллээ.
Энэ өвлийн хувьд нийт нутгаар дулаахан, өнөтэй сайхан өвөл болсон учраас мал сүрэг хур таргатай онд орж, эх мал жилбэтэй төрж байна. Шинийн гурванд л гэхэд Багануур дүүрэгт 4 ихэр хурга мэндэлсэн бол саяхан Өлзийт хороонд 3 ихэр хурга мэндэлсэн сайхан мэдээ байна. Уншигчиддаа 3 дугаар сарын 12-ноос 3 дугаар сарын 16-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвийн мэдээллийг хүргэе.
12,15-нд баруун зүгийн нутгаар, 13-нд баруун зүгийн нутгийн зүүн хэсэг, төвийн нутгаар, 14-нд төв, говь, зүүн зүгийн нутгаар цас орж цасан шуурга шуурна. Салхи 12-нд Алтайн уулсаар, 13-14-нд Алтайн уулс, говь талын нутгаар секундэд 12-14 метр, 15-нд зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 6-11 градус, Хүрэн бэлчир, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Онон голын сав газраар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн байна.
Хугацааны эцсээр нутгийн баруун хэсгээр хүйтэрнэ гэж УЦУОШГ-аас мэдээлж байна.
Г.Эрдэм