Улсдаа ганцхан гэгддэг энэ эмнэлгийн бүтэн нэр нь “Гэмтэл, согог судлалын үндэсний төв” юм. Гэмтэж бэртсэн л зорин ирдэг ганц газар нь энэ.
Хуулиндаа 24 цагийн дотор эмчлүүлэхэд ямар ч үнэ төлбөргүй байдаг. Хүн бүр л тэгж ойлгон гэмтэж бэртсэн тохиолдол энэ эмнэлгийн хаалгыг даруй татдаг нь ойлгомжтой. Гэтэл саяхан хөлөө гэмтээгээд тэр даруй эмчлүүлэхээр очтол эмч нь “зураг авахуулаад ир” гэсэн юм.
Бэртэл гэмтэл авсанаас хойш 24 цагийн дотор ямар нэгэн үнэ төлбөргүй үзлэг оношлогоо хийх тул зураг авхуулахад ч үнэ төлбөргүй байх ёстой гэсэн бодол тээсээр хөлнийхөө зургийг авхуулах болоход шинэ рентген зургийн аппарат авсан тул хөлний шагайны зураг авахад 20000 төгрөг гэх нь тэр.
Бусад бэртэл гэмтлийн зураг авахад өөр өөр тарифтай ажээ. Хэрвээ бэртсэн үед мөнгөгүй тохиолдолд хугарсан ч бай хөнгөн гэмтсэн ч бай зураг байхгүй л бол үзэхгүй байх дүрэм тогтож.
Үзлэг оношилгоо хийлгэх энэ үнэ тарифт эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт ч хамаарахгүй юм гэнэ. Дүүргийн эмнэлгүүд рентген зургийг 6000-8000 төгрөгөөр авч болоод байхад улсын тодотголтой гэмтлийн ганц том эмнэлэг маань ийм зэрэглэлтэй ханш тогтоочихож. Үүний цорын ганц тайлбар нь “сүүлийн үеийн аппарат” гэх. Улсын эмнэлэг эмчилгээ оношилгооны шинэ техник тоног төхөөрөмжтэй болж байна гэдэг нь иргэдийн халааснаас гарсан гэсэн үг. Гэтэл нэмж төлбөр авах шаардлага байна уу?
Үүнээс гадна бид эрүүл мэндийн даатгалаараа жилд 1,800,000 төгрөгний тусламж үйлчилгээ авах эрхтэй байдаг. Түүнчлэн насанд хүрээгүй хүүхдийн эрүүл мэндийн даатгалыг төр хариуцдаг. Гэтэл гэмтсэн хүүхдээ эмнэлэгт аваачиж хэвтүүлэн эмчлүүлэхэд ор хоногийн мөнгө гэж 45000 төгрөг авна. Мөн иргэд өөрсдөө боолт /марль/ ариутгалын бодис, зарим эм тариаг нь авч өгөх ёстой болоод байна.
Ингэж эмнэлгийн бүхий л зүйлсээ иргэдээр хангуулах юм бол эрүүл мэндийн даатгал гэж байх хэрэг байна уу?
Мөнгөгүй л бол өвдөх, гэмтэх ч эрх байхгүй мэт.
Б.Нарангэрэл