Хүний эрх, хүүхдийн эрх, боловсрол, нөхөн үржихүйн эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд болон ерөнхий боловсролын сургуулиудын эрүүл мэндийн багш нар хамтран “ЭРҮҮЛ МЭНДИЙН ХИЧЭЭЛИЙГ ХАСУУЛАХГҮЙ” байх асуудлаар нөлөөллийн ажил хийж байгаа билээ.
Уг ажлын хүрээнд БОЛОВСРОЛ СОЁЛ ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД Л.ГАНТӨМӨРТ шаардлага хүргүүлсэн байна.
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД Л. ГАНТӨМӨР ТАНАА ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЭХ ТУХАЙ
2015 оны 2 сарын 16-ны өдөр
Шинэчлэл, шийдлийн Засгийн газар дэвшүүлсэн бодлогоо хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Хүүхэд бүрийг хөгжүүлэх бодлого баримтлан Монгол хүүхэд бүрийг бүтээлч сэтгэлгээтэй, өөртөө итгэлтэй, шийдвэр гаргах, хамтран ажиллаж амьдрах, насан туршдаа суралцах чадвартай, үндэсний хэл, соёл, ёс уламжлалаа эрхэмлэдэг иргэн болгож төлөвшүүлэхэд эцэг эх, төрийн үүрэг, олон нийтийн оролцоо, хамтын ажиллагааг тодорхойлон “Зөв Монгол хүүхэд” хөтөлбөрийг БСШУЯ боловсруулж хэрэгжүүлж байгаад бид талархан дэмжиж байдаг.
Зөв Монгол хүүхэд гэж архи, тамхи, мансууруулах бодисыг жигшиж, ирээдүйд нь хор хөнөөлтэй аливаа эрсдлээс өөрийгөө сэргийлэх чадвартай, наад захын энгийн дадал, үйлдлээр өвчин эмгэгээс сэргийлж ирээдүйд ядуурал, доройтолд орчихолгүй амьдарч, ихийг сурч бүтээх чадвар, эрмэлзлэл дүүрэн хүнийг хэлж байгаа гэж бид ойлгож байна.
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын “Сургалтын төлөвлөгөө, хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн батлах тухай” 2013 оны 8 сарын 16-ны өдрийн А/311 дугаар тушаалд ЕБС-иудын 4–12 дугаар ангид эрүүл мэндийн хичээлийг бие даасан хичээлээр оруулахаар тусгасан байлаа. Гэтэл нэг жилийн дараа та энэхүү тушаалаа хүчингүй болгож, 2014 оны 6 сарын 3-ны А/240 тушаалаар бага боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг батлахдаа Хүн ба орчин, Хүн ба байгаль, Хүн ба нийгэм хичээлийн агуулгад Эрүүл мэндийн хичээлийн агуулгыг нэгтгэн оруулсан байна. 2014 оны 8 сарын 26-ний А/335 тушаалаар Дунд боловсролын хөтөлбөрөөс Эрүүл мэндийн хичээлийг хасч, бусад хичээлтэй интеграцчилах ажлыг эхлүүлсэн нь үндэслэл муутай, хий мөнгө зарсан оновчгүй хувилбар бөгөөд Засгийн газрын “Эрүүл чийрэг, эрдэм боловсролтой монгол хүн” бодлоготой огтхон ч нийцэхгүй байна гэж бид үзэж байна. Хүн амын дундаж наслалт, амьдралын чанар, амжилттай сурч ажиллах чадвар нь хүмүүсийн эрүүл мэндийн байдалтай шууд холбоотой байдаг. Эрүүл амьдралын хэв маягийг хүн хүүхэд наснаасаа сурч, хэвшүүлж, насан туршдаа хэрэгжүүлдэг. Эрүүл биед саруул ухаан оршино гэж манай өвгөд сургасаар ирсэн.
Түүнчлэн 2013 онд дэлхийн олон оронд хийгдсэн “Сургуульд суурилсан эрүүл мэндийн судалгааг” Монгол улсад хийхэд (хотын 25, хөдөөгийн 34 сургуулийн 12 ба түүнээс дээш насны 5393 сурагчийг хамруулсан) хүүхдийн эрүүл ахуйн дадал муу, эрсдэлт зан үйлүүд их байгаа нь харагдсан. Мөн сүүлийн жилүүдэд хүүхэд, өсвөр насныхны дунд осол гэмтэл, амиа хорлолт, хүчирхийлэл, өсвөр насны охидын жирэмслэлт, үр хөндөлт нэмэгдэж байгаа байдал, бэлгийн замаар дамжих халдвар их байгааг бусад үндэсний хэмжээнд хийсэн судалгаануудын дүн харуулж байна. Хүмүүсийн эрүүл мэндийн наад захын боловсрол дутмаг, ядуурал болон бусад байдалтай холбоотой ариун цэвэр, эрүүл ахуйн дорой байдал, мэдэж байсан ч мэдлэгээ хэрэглэж хэвшүүлээгүйтэй холбоотойгоор өвчин эмгэг үүсч байдгийг Танд дуулгахыг хүсч байна.
Бодлогын залгамж чанар чухал.
Эрүүл мэндийн боловсрол нь эрүүл бие төдийгүй, эрүүл харилцаа, эрүүл нийгэмтэй холбоотой өргөн хүрээг хамарсан цогц асуудал учраас зөвхөн эрүүл мэндийн салбарын бус улс орны аюулгүй байдал, хөгжил, дэвшилтэй холбоотой юм. Тиймээс ч үе үеийн засгийн газрууд эрүүл мэндийн боловсролд ач холбогдол өгч, 1998 онд Гэгээрлийн сайдын “Сургалтын агуулгын талаар баримтлах чиглэл, Сургалтын төлөвлөгөө батлах тухай” 100 дугаар тушаал гарч сургалтын төлөвлөгөөний “нийтээрээ заавал судлах”хичээлд “Эрүүл мэнд” хичээлийг анги тус бүрт 12 цаг оруулж байхаар тогтон хэрэгжүүлж, өнөөдрийг хүртэл эрүүл мэндийн бие даасан хичээл байдлаар орж байв. Эрүүл мэндийн боловсролын стандартыг анх 2004 онд боловсруулан мөрдсөнөөр уг хичээлийн цаг нэмэгдэж, тусгай хөтөлбөр, сурах бичигтэй болж, багш, сурагчдын аль аль нь энэ хичээлийг заах, заалгах дуртай, сонирхолтой, амьдралд ойрхон, хэрэгтэй хичээл болж эхэлсэн билээ.
Монгол улсын Засгийн газраас баталсан “Сурагч өсвөр үеийнхний эрүүл мэнд”, “Хүн амын эрүүл мэндийн боловсрол” хөтөлбөрүүд нь сурагч, өсвөр үеийнхний эрүүл мэндийг дэмжих тогтолцоог боловсронгүй болгоход төр, олон нийт, аж ахуй нэгж байгууллага, эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчдийн анхаарлыг чиглүүлж, эрүүлмэндийн зохих боловсролтой, эрүүл чийрэг иргэд болон төлөвших орчныг бүрдүүлэх” зорилго тавьсны дагуу олон улсын хандивлагч байгууллагууд, дотоод, гадаадын мэргэжилтнүүд асар их хүч хөдөлмөр, хөрөнгө нөөц зарцуулж ирсэн билээ.
Үндэслэл, нотолгоо, үнэлгээгүйгээр шууд өөрчлөлт шинэчлэлт хийх нь үр дүн муутай, учир дутагдалтай байдаг.
Өсвөр үе, залуучуудын эрүүл мэндийн тулгамдаж буй асуудлуудыг урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах үүднээс үе үеийн Боловсрол, Эрүүл мэндийн сайд нарын хамтарсан тушаалаар “Эрүүл мэндийн боловсролын талаар баримтлах стратеги төлөвлөгөөг боловсруулан амжилттай хэрэгжүүлж ирсэн байна. Эрүүл мэндийн боловсролын талаар баримтлах стратеги төлөвлөгөө 2010-2015 онд дуусгавар болж үр дүнгээ үнэлнэ. Энэхүү стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийн үнэлж үзсэний дараа олон талын оролцоотойгоор өөрчлөлт шинчлэл хийх нь зүйтэй гэж бид үзэж байна.
Учир нь эрүүл мэндийн хичээлийг интеграци хийж буй биологи, биеийн тамирын хичээлүүд нь өөрийн судлах агуулгын багтаамж ихтэй, сургалтын орчин, техник тоног төхөөрөмжүүд нь онцлогтой, багшийн заах арга зүй, сургалтын технологи нь ялгаатай байдаг тул эрүүл мэндийн хичээлээр зайлшгүй эзэмшвэл зохих үндсэн мэдлэг, чадвар дадлыг эзэмшүүлэх боломжгүй байна. Энэхүү оновчгүй шийдвэр, хувилбарын талаар урьд өмнө олон талт оролцооны байгууллагууд болох олон улсын байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагууд, Эрүүл мэндийн яам удаа дараа Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б. Насанбаярт мэдэгдэж, албан тоот хүргүүлж байсан боловч Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн дагуу төрийн байгууллага, албан тушаалтны хүлээх үүргээ биелүүлэлгүй, өргөдөл, гомдлыг шийдвэрлэх, хариу өгөх хугацааг хэтрүүлсний зэрэгцээ өнөөдрийг хүртэл албан ёсоор хариу өгөлгүй эрүүл мэндийн хичээлийг интеграцчилах ажлыг үргэлжлүүлэн хүчээр явуулж байна. Түүнээс гадна ардчиллын үндсэн зарчмын нэг болох оролцогч талуудын дунд хэлэлцүүлэг өрнүүлж, санал авалгүйгээр гаргасан шийдвэр нь сүүлийн 20 гаруй жилд олсон ололтоосоо ухарсан, магадгүй, хэдэн жилийн дараа харамсаад ч барахгүй үр дагавар авчирч мэдэхээр байна.
Эрхэм сайд таны баримтлан ажилладаг “Байгаа бий болсон юмыг хайрлах хэрэгтэй, Хүчээр юмыг шийдэж болохгүй” гэдэг зарчмаа эргэж нэг санахыг зөвлөж байна.
Эрүүл мэндийн хичээлийг бусад хичээлтэй интеграцилж буй үр дүн муутай энэхүү ажлаа зогсоож, Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын төлөвлөгөөнд Эрүүл мэндийн хичээлийг бие даасан хичээл хэвээр үлдээн, гаргасан шийдвэрээ эргэж харахыг Олон талт оролцооны байгууллагууд албан ёсоор шаардаж байна.
Жич: Энэхүү шаардлагыг олон талт оролцооны байгууллагуудын гарын үсэг, тамга тэмдэгээр баталгаажуулан гишүүн байгууллагуудын нэрсийн хамт хавсралтаар хүргүүлэв.