Мэргэжлийн сүмогийн хаврын тэмцээн болох Харү башё Осака хотноо үргэлжлэн явагдаж байна. Тэмцээний зургаа дахь өдөр буюу өчигдөр ёкозүна Хакүхо М.Даваажаргал Такаясүг, ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж Болгарын сүмоч Аоиямаг давлаа.
Ингэснээр их аварга Хакүхо макүүчи зиндаанд 807 дахь ялалтаа авч их аварга Чиёонофүжигийн амжилттай зэрэгцэж ирлээ. Одоо түүний өмнө озэки Кайогийн 879 ялалт бичигдэж байна. Харин энэ өдрийн шилдэг барилдааныг Ичиножёо А.Ичинноров үзүүлсэн юм. Озэки Котошогикүтэй барилдаж өрсөлдөгчөө түрж гарган давлаа.
Түүний хувьд гурав дахь өдөр ёкозүна Харүмафүжи Д.Бямбадоржийг, тав дахь өдөр озэки Кисэносатог даваад байсан юм. Улмаар Ичиножёо А.Ичинноров ийнхүү сүүлийн хоёр өдөр дараалан япон озэки цолтнуудыг унагаалаа.