Нээлтээ хийгээд удаагүй ч үзэгчдийн дунд ам сайтай байгаа “247 градус” киноны гол дүрийн жүжигчин Э.Ууганбаяртай цөөн хором уулзаж, ярилцлаа.
Авъяаслаг залуу маань шинэ киноныхоо нээлтийг хийгээд удаагүй байгаа ч дараагийн уран бүтээлдээ хэдийн ханцуй шамлан оржээ.Ингээд та бүхэндээ Э.Ууганбаяртай хийсэн ярилцлагаа хүргье.
-Сайн байна уу, таны гол дүрд нь тоглосон “247 градус” кино нээлтээ хийсэнд баяр хүргье.
Баярлалаа, өдрийн мэнд.
-Нээлтээ хийгээд удаагүй байгаа “247 градус” кинонд ямар зан араншинтай хүний дүрийг бүтээв?
Би “247 градус” кинонд дотоод ертөнц болон гадаад ертөнцийн хувьд тэс ондоо хүний дүрийг бүтээсэн байгаа. Дотроо хайрлаж дурлахийг хүсдэг хэдий ч гадаад байдал нь ажлын төлөө төрсөн, бүх цаг заваа ажилдаа зориулдаг болохоор хүүхнүүд түүнийг тоодоггүй тийм л хүн. Өмнө нь миний бүтээж байсан дүрүүд ихэнхдээ хүүхэмсэг залуу байсан бол, энэ удаад бүсгүйчүүдэд тоогддоггүй тийм залуугийн дүрийг бүтээлээ.
-Сүүлийн үед хүүхэмсэг гэхээсээ илүүтэй, намбатай дүрд тоглоод байгаа юмуу даа?
Би бас бодож үзсэн л дээ. Тэгсэн өмнө нь бүтээж байсан дүрүүд дунд тийм ч их хүүхэмсэг, шалиг залуу алга л байх шиг санагдсан. “Яахав дээ эмэгтэй хүнийг сайн ойлгодог, тийм дүрүүд л байна лээ” гээд өөрийгөө өмөөрөөд байгаа шд (Инээв).