Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ

0a735bda9a7031c17f8f78a771376847260 ор бүхий нэгдсэн эмнэлгийг ажиллуулах төслийг концессоор хэрэгжүүлнэ

“Хууль зүйн яамны үндсэн хөрөнгөд бүртгэлтэй, дуусаагүй барилгыг эмнэлгийн зориулалтаар шинэчлэн сайжруулж, 260 ор бүхий нэгдсэн эмнэлэг ажиллуулах төсөл”-ийн концессын гэрээний нөхцөлийн талаар хөрөнгө оруулагч талтай зохих журмын дагуу хэлэлцээ хийхийг Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Жавхланбаатарт даалгалаа. Уг хэлэлцээ хийх ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу удирдан зохион байгуулах, концессын гэрээний төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад үүрэг болголоо.

Манай улсад эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулахын зэрэгцээ хүн амын суурьшил, нягтрал, өвчлөлийн байдалд нийцүүлэн оновчтой болгох шаардлага бий.

Эмнэлгийн тусламж үйлчилгээг шинэчлэн зохион байгуулах бодлогын дүн шинжилгээний хүрээнд нийслэлийн хүн амд шаардлагатай нэгдсэн эмнэлэг, орны тоог хүн амын өсөлтийн чиг хандлага, тусламж үйлчилгээний хэрэгцээнд үндэслэн 2025 он хүртэл тооцсон бөгөөд нийслэлд 2555 ор бүхий 12 нэгдсэн эмнэлэг шаардлагатай гэсэн дүн гарчээ.

Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барина

Төрийн албаны тухай, төрийн албан хаагчийн цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж болон нийгмийн баталгааны тухай, Төрийн албаны байгууллага, албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүнгийн тухай хуулийн төслүүд болон эдгээр хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслүүдийг хэлэлцэн дэмжээд Засгийн газрын гишүүдээс гарсан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

16 бүлэг, 63 зүйлтэй уг хуулийн төсөл батлагдсанаар  уламжлалт төрийн албаны ойлголт, үзэл баримтлалыг иргэдэд үйлчилдэг нийтийн алба болгох чиглэлээр өөрчилнө. Улстөрөөс хараат бус шударга, ил тод, хариуцлагатай төрийн албаны эрх зүйн үндэс бүрдэж, төрийн албан хаагч тогтвортой ажиллах, төрийн алба хаших шалгуур нь зөвхөн мэргэшлийн болон уг албыг гүйцэтгэх мэдлэг чадвар, иргэдэд үйлчлэх үйлчилгээний чанар, мэргэжлийн ёс зүйгээр тодорхойлогдох нөхцөл баталгаажна.

Мэдлэг, чадвартай иргэдэд өрсөлдөөнөөр төрийн албанд орох боломж олгохын зэрэгцээ карьерын шатлан дэвших тогтолцоог төрийн албанд нэвтрүүлнэ.

Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулахдаа АНУ, Канад, ОХУ, БНСУ, Унгар, Япон болон бусад өндөр хөгжилтэй улсуудын “Төрийн алба”-тай холбоотой хууль тогтоомж, туршлагыг судалсан байна. Мөн өнгөрсөн хугацаанд манай улсад төрийн албаны тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх явцад бий болсон ололт, амжилт, туршлагад  тулгууржээ.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн төслийг өргөн барина

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн барихаар тогтлоо.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг уян хатан, түргэн шуурхай, нээлттэй боловсронгуй болгох шаардлага бий. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт төр засгийг иргэдэд нээлттэй болгох цогц арга хэмжээг авах, бизнес болон хөрөнгийн бүртгэлийг долоо хоногийн дотор бүртгэдэг тогтолцоог нэвтрүүлэх зорилтыг хэрэгжүүлэх Эд хөрөнгө өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан байна.

Бүтээгдэхүүн хуваах гэрээний загварыг баталлаа

Газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх талаар төрийн захиргааны байгууллага, компани хооронд байгуулах бүтээгдэхүүн хуваах гэрээний загварыг баталлаа.

Энэхүү загвар батлагдсанаар Газрын тосны тухай хуульд заасан Бүтээгдэхүүн хуваах гэрээний үндсэн нөхцөлөөс бусад гэрээний агуулга, зохицуулалт нь хөрөнгө оруулагчдад ил тод, ойлгомжтой болох бөгөөд шинээр гэрээ байгуулахад цаг хугацаа алдахгүй газрын тосны хайгуулын ажлыг эрчимжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

Газрын тосны тухай хууль, түүнийг хэрэгжүүлэх журмыг 1991 онд батлан, газрын тостой холбогдсон үйл ажиллагааг гадаад, дотоодын хөрөнгө оруулалтад тулгуурлан бүтээгдэхүүн хуваах зарчмаар хэрэгжүүлэх бодлого баримталж ирсэн байна.

Уур уурхайн сайд дараах асуудлуудаар Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийлээ

Засгийн газрын 2015 оны гуравдугаар сарын 11-ний хуралдаанаар Алтны олборлолтыг нэмэгдүүлж, эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцэн баталсан. Уг тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан Ажлын хэсэг томилон ажиллуулахаар төлөвлөжээ.

Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсонтой холбогдуулан байгуулагдсан ажлын хэсгээс хийж буй ажлын үр дүнгийн талаар Уул уурхайн сайд Р.Жигжид танилцууллаа.

Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд олборлолт явуулж эхэлсэн, тусгай зөвшөөрөл бүхий талбайд холбогдох арга хэмжээ авах, нөхөн сэргээлт хийлгэх журмын төсөл болон гэрээний загварыг боловсруулсан байна.

Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгож байгаа ажлын явцын талаар Уул уурхайн сайд мөн танилцуулга хийлээ. Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын тухай хуульд заасны дагуу эрдсийн хуримтлалтай, тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан, дуусгавар болсон талбайд тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгохоор болсон. Засгийн газрын 2014 оны 239 дүгээр тогтоолоор нийт газар нутгийн 19.9 хувьд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ба үүний 13.4 хувь буюу 20.9 сая га талбайд өргөдлөөр, 6.5 хувь буюу 10.2 сая га талбайд сонгон шалгаруулалтын журмаар тусгай зөвшөөрөл олгохоор зохицуулсан. Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт явуулах бэлтгэл ажлын хүрээнд 29 талбайд орон нутгийн Засаг дарга нараас санал авах мэдэгдлийг хүргүүлжээ. Дээрх талбайнууд нийт 9 аймгийн 195 840 га газар нутгийн хамарч байгаа юм.

Төрийн өмчийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг баталлаа

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд төрийн болон орон нутгийн өмч нь хоорондоо  холбоогүй, бие даасан өмчийн төрөл байхаар заасан нь төрийн өмч  аймаг, нийслэл, сум, дүүрэгт бие даасан 400 гаруй өмчлөлд хуваагдахад хүргэж, өмчлөгч бүр өөрсдийн эрх мэдлийн хүрээнд өмчөө бие даан захиран зарцуулж байна.

 Монгол Улс төрийн байгууламжийн нэгдмэл тогтолцоотой улсын хувьд төрийн өмчийг бүх ард түмнийг төлөөлж Засгийн газар өмчилж, УИХ-аас баталсан хуулийн дагуу захиран зарцуулдаг байх, аймаг, нийслэл төрийн өмчийг зөвхөн эзэмших эрхтэй байх нь зүйд нийцнэ. Үүний тулд төрийн өмчийн нэгдмэл тогтолцоог бүрдүүлэхээр Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг Төрийн өмчийн тухай хууль болгон өөрчлөх, төрийн өмчит компани байгуулах нөхцөл, шаардлагыг хуулиар тогтоох, төрийн өмчит компани байгуулсан бол түүний үйл ажиллагаан дахь төрийн оролцоог дэлхийн бусад оронд хэрэглэдэг нийтлэг жишгийн дагуу зохицуулахаар Төрийн өмчийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалын төслийг боловсруулжээ.

Энэхүү хуулийн төслийг боловсруулан батлуулснаар төрийн өмчийн нэгдсэн тогтолцоо бий болж, нийт хүн амыг төлөөлж төрийн өмчийг Засгийн газар өмчилдөг болох нөхцөл бүрдэн төрийн өмчийн хяналт, нэгдсэн бодлого алдагдах байдал арилна. Аймаг, нийслэлд төрийн өмчийг эзэмших эрх олгосноор тэдгээрийн бие даасан байдал хуулиар хангагдах юм. Мөн төрийн өмчит компанийг Компанийн тухай хуульд зааснаас өөрөөр байгуулахыг хориглож, Засгийн газар болон аймаг, нийслэл төрийн өмчийн компани байгуулах явдал хязгаарлагдана. Төрийн өмчит компани дахь төрийн төлөөллийг хэрэгжүүлэх арга хэлбэр болон байгууллагууд, тэдгээрийн эрх хэмжээ тодорхой, ойлгомжтой болно гэж үзэж байна.

Бүс нутгийн стандартад нийцсэн ангиллаар нүүрс экспортлоно

Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоолоор баталсан “Ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлал”-ыг өөрчлөн найруулахаар тогтлоо.

Өнөөгийн байдлаар Сангийн сайд, Уул уурхайн сайдын хамтарсан тушаалаар байгуулагдсан “Экспортод гарч буй уул уурхайн бүтээгдэхүүний нөөц ашигласны төлбөр тооцох зах зээлийн үнийг нийтэд мэдээлэх” үүрэг бүхий Ажлын хэсгээс нүүрсний жишиг үнийг зарлахдаа тухайн ордын шинж чанараас үл хамааран нийтлэг байдлаар буюу зөвхөн илчлэгийн үзүүлэлтээр ангилж зах зээлийн үнийг тодорхойлж байна.

“Ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлал”-ыг өөрчлөн найруулснаар олон улсын жишигт нийцсэн нэр томьёоллоор нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүний жишиг үнийг зарлана. Ингэснээр бүс нутгийн стандартад нийцсэн ангиллаар нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүн экспортлогдох юм.

Товч мэдээ

·  Уул уурхайн сайд Р.Жигжидийн Канад улсад хийсэн ажлын айлчлалыг үр дүнтэй болсон гэж үзэж, айлчлалын явцад хоёр талын хэлэлцэн тохирсон асуудлуудыг ажил хэрэг болгож ажиллахыг Уул уурхайн сайдад даалгалаа.

·  Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд тусгагдаж, тухайн төсвийн жилд санхүүжигдээгүй, гэрээний үлдэгдэл төлбөр бүхий 2014 онд борлуулсан нөөцийн махны урамшууллын дутуу санхүүжилтийн гүйцэтгэлийг хянасны үндсэн дээр векселиэр баталгаажуулахыг Сангийн сайд Ж.Эрдэнэбатад даалгалаа.  2014 оны төсөвт махны урамшуулалд 14 тэрбум төгрөг батлагдсан боловч төсвийн орлогын бүрдэлттэй уялдуулан зарлага, санхүүжилтийг үе шаттайгаар санхүүжүүлж ажилласантай холбоотойгоор нөөцийн махны урамшуулалд нийт 9,5 тэрбум төгрөгийн санхүүжилт олгож, 4,5 тэрбум төгрөг дутуу санхүүжүүлжээ.

·  Гадаадын зах зээлд борлуулсан төмрийн хүдэр, баяжмалд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээ тооцох аргачлалыг баталлаа.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …