Өнөөдөр аргын тооллын 2015 оны Гуравдугаар сарын 18. Мягмар гараг.
Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн хаврын тэргүүн шар бар сарын шинийн 24. Ангараг гараг. Гар одтой, 8 цагаан мэнгэтэй харагчин Могой өдөр.
Өдрийн барилдлага Шид. Шүтэн барилдлага Сэрэхүй. Өдрийн наран 7 цаг 07 минутад мандан, 18 цаг 54 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.