Монгол-Зүүн Тиморын багийн хариу тоглолт өчигдөр Зочин багийн хожлоор өндөрлөлөө. Зочин баг 0-1 гэсэн онооны харьцаатай Монголын хөлбөмбөгийн шигшээ багийг хожсоноор 2018 оны ДАШТ-ий Азийн бүсийн урьдчилсан шатны эрхийн тоглолтод ялалт байгууллаа. Ингэснээр Зүүн Тиморчууд дараагийн шатанд шалгарч байна.
Гэхдээ хүндхэн нөхцөлд 2 сар хүрэхгүй хугацаанд бэлтгэлээ хийж тэсвэр тэвчээр заан хатуужилтайгаар гайхалтай тоглолтыг үзүүлсэн Монголын хөлбөмбөгийн шигшээ багийн залуустаа баярлалаа. Шигшээ багийн ахлах дасгалжуулагч С.Пүрэвсүхэд баярлалаа.
58-хан хоногийн өмнө хөлбөмбөгийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн албыг аваад бэлтгэлдээ шаргуу орсон таны хөдөлмөр зүтгэлийг гайхан биширч байна. Шигшээ багийн довтлогч Монгол Улсын мэргэжлийн анхны хөлбөмбөгчин, довтлогч А.Мөрөнд баярлалаа. Хөлбөмбөгийн төлөө гэсэн цохилох зүрхтэй, сэтгэл зоригтой эдгээр залуустаа чин сэтгэлээсээ баярлалаа гэж дахин хэлье.
Байнгын нөхөрсөг тоглолт, хамтарсан бэлтгэлд оролцдоггүй хөлбөмбөгийн шигшээ багийхан чадлынхаа хэрээр Монгол улсынхаа хөх тэнгэр доор, эх орныхоо төлөө бүх хүчээ дайчлан тулалдлаа. Бид харлаа, үзлээ, баярлаж байна. Олон жилийн бэлтгэл сургуулилт, нөр их хөдөлмөрийг гаргаж байж хүч шавхсан тоглолтыг үзүүлнэ. 2 сар хүрэхгүй хугацаанд Монгол гэдэг нэрийн төлөө нэг баг болон нэгдэн байж шавхсан бүх л хүч, зоригийг тань хараад биширч байна.
Зөвхөн спорт руугаа тэд анхаарч бэлтгэлээ хийдэг бол магадгүй 2 сар биш бүтэн жилийн хугацаанд бэлтгэлээ хангасан бол сайн үр дүн аврчах байсан гэдэгт итгэлтэй байна. Спортоос гадна ар гэр, амьдрал ахуйгаа авч явах гэсэн айл гэрийн ноён нуруу эзэн учраас тэд ажиллах үүрэгтэй. Иймээс тэдэнд Спортоос гадна Амьдрал байдаг юм. Тиймээ та бүгдэд буруу өгөх эрх байхгүй…Бүү шантраарай. Дахин баярлалаа гэж хэлье.
А.Алт
Эх сурвалж: www.ssport.mn