Д.Төмөртогтох: Уяхан, сайхан сэтгэлтэй, сайн аавын дүр бүтээмээр байна

b3cd249144624dbeabdf93de8f9e529b_x3“Редакцийн зочин” булангийнхаа энэ удаагийн зочноор “Мандухай сэцэн хатан” киноны Минхай, “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны Боорчи, “Зүрхэнд шивнэсэн үг” киноны Дэлэгийн дүрээр дэлгэцэнд мөнхөрсөн Д.Төмөртогтохыг урилаа. Түүнийг одоо ч хүмүүс Минхай нэрээр нь дууддаг юм. Тэрбээр “Марко Поло” киноны хоёрдугаар хэсгийн дүрийн шалгаруулалтад ирсэн байхад нь ийнхүү уулзаж ярилцлаа. 

-Удтал хараагүй уран бүтээлчийгээ “Редакцийн зочин”-ыхоо хойморт залж, уншигч олонтойгоо уулзуулж байгаадаа баяртай байна. Хэзээ нийслэлд ирэв. Ямар дүрийн пробонд шалгуулаад гарч ирэв ээ?
-Ирээд тун удаагүй байна. “Марко Поло” киноны хоёр дахь хэсгийн шалгаруулалт Монголд болж байгаатай холбогдуулан тус киноны Монголын талын найруулагч над руу “Та ирж пробонд орооч ээ” гэж утсаар ярьсан. Тэрхүү хүсэлтийн дагуу хоёр хоногийн өмнө нийслэлд ирлээ. Дөнгөж сая энэ киноны Жаха Хамбугийн дүрд шалгуулчихаад гарч ирж байна.

-Хамгийн сүүлд хэзээ кино пробонд орсон бэ?
-Хамгийн сүүлд хоёр жилийн өмнө үзэгчдийн хүртээл болсон “Ану хатан” киноны Булат жанжны дүрийг бүтээсэн. Түүнээс хойш дүрийн шалгаруулалтад ороогүй байж байгаад өнөөдөр “Марко Поло” киноны Жаха Хамбугийн дүрд шалгууллаа.

-Таны хувьд ихэвчлэн баатар эрсийн дүрийг бүтээдэг. Тийм ч учраас Жаха Хамбугийн дүрд илүү тохирох байх гэж бодсон болов уу. Дүрдээ хэр оров?
-Насны хувьд яг л миний насны хүн хэрэгтэй байсан юм билээ. Өглөө ирээд бараг хамгийн түрүүнд шалгаруулалтад орох шиг боллоо. Ганц намайг биш олон нэртэй жүжигчдийг урьж кино пробонд оруулсан байна. Пробын хугацаа нэлээд богинохон байна. Богино хугацаанд үгээ харж суулгана гэдэг хэцүү л дээ. Залуу байхад дуртай болоод ч тэр үү үгийг дор нь л цээжлээд пробонд орчихдог байлаа. Одоо үг жаахан хүнд сууж байна. Гэхдээ гайгүй байх аа. Өөрийнхөө хэмжээнд дүрээ гаргасан гэж ойлгож байгаа.

-Жаха Хамбугийн дүр танд хэр ойр санагдаж байна вэ?
-Цаанаас ирсэн зохиолыг үзлээ. Тэр зохиол дээр гардаг бие хаа, дуу хоолой зэрэг нь надад байгаа юм шиг байна. Энэ хүний талаар би нэлээд уншиж, судалж байсан болохоор дүрийг нь амилуулахад ойр байлаа.

-Таны хувьд малын эмч мэргэжилтэй, мэргэжлийн жүжигчин биш. Хэрхэн кино урлагт хөл тавьж байв. Бидний санаж байгаагаар таны хамгийн анхны дүр Минхайгийн дүр байсан болов уу? 
-Тийм ээ. Би урлагийн ямар ч мэргэжил эзэмшиж байгаагүй, малын эмч хүн. Урлагт орсныг яривал их урт түүх болно л доо. Анх 1985 онд улс орон даяар “Бүх ард түмний урлагийн их наадам” болж байлаа. Би тэр наадамд дүүтэйгээ хамт “Эхийн сургаал” дууг дуулж, алтан медаль авсан юм. Тэгсэн МУГЖ Баяжихын Пүрвээ гэх монхор хамартай хүн надаас “Чи кинонд тоглох сонирхолтой юу” гэж асуудаг юм байна. Би ч “Кинонд дургүй хүн гэж юу байх вэ. Хүн болгон л дуртай байдаг байх” гэж хариулсан. Нөгөө хүн миний зургийг аваад явлаа. Тэр үед би Сант суманд механик хийж байсан юм. Нэг өдөр намайг аймгаас Өвөрхангайн театрт дуучнаар авна гэдэг юм байна. Дуулдагтаа эрдсэн ч юм уу театрт дуучнаар орсон доо. Төдөлгүй “Мандухай сэцэн хатан” киноны пров хийж явна гээд Төрийн соёрхолт зураач Б.Пүрэвсүх ах, Л.Шаравдорж ах, Б.Балжинням багш нар Өвөрхангайд хүрээд ирлээ. Б.Балжинням найруулагч намайг хараад “Өө нөгөө таньдаг хүүхэд байна. Чи Өнөболдод проб хий гэлээ. Тэгээд пробонд орсон юм. Түүнийгээ ч мартчихаж. Тэгсэн нэг өдөр кино пробонд оруулалгүй шууд Минхайд тоглуулна гэдэг юм байна. Тэгж л урлагт анх хөл тавьж байлаа. Би урлагтай амьдралаа холбосон нь Б.Балжинням багшийн маань л ач.

Untitled-1(10)-Анх кинонд тоглох болсноо хэрхэн хүлээж авсан бэ. Минхай баатрын дүрээс сүрдэж байв уу?
-Тэгэлгүй яах вэ. Кинонд тоглох нь битгий хэл жүжиглэж ч байгаагүй хүн чинь самгарддаг юм билээ. Юу ч мэдэхгүй болохоороо Б.Балжинням багшаас яаж кинонд тоглох юм бэ, би одоо яах вэ гээд асуулаа. Тэгсэн Минхай баатар гэдэг чинь Д .Төмөртогтох шүү дээ. Өөр юу ч хэрэггүй чи өөрөөрөө л тогло гэсэн. Тэгээд юу ч мэдэхгүй байсан юм чинь явдал гишгээ нь ямар байх юм, нүүр нь яах ёстой юм бол гээд сүрдэж байсан. Б.Балжинням найруулагч намайг кино зохиолчтой нь ч уулзуулж өгч байлаа шүү дээ.

-Минхай баатрын дүр бол үзэгчдийн сэтгэлд хоногшсон сайхан дүр шүү дээ. Мэдээж үүний дараа кинонд тоглох санал олон ирсэн байх?
-“Мандухай сэцэн хатан” кинонд тоглох болчихоод байж байтал Дамдин найруулагч “Мандах нарны туяа” гэдэг кино хийх гэж байгаа, чамд пров хийнэ гэлээ. Надад Д.Сүхбаатарын дүрд тоглуулах проб хийсэн. Би ч нэг их юм бодолгүй проб хийчихлээ. Тэгсэн нөгөө дүр маань Соёлын яамаар батлагдчихдаг юм байна. Харин “Мандухай сэцэн хатан” Төв хороогоор батлагдаж байсан кино юм. Жанжны дүрд тэнцсэнээ Балжинням найруулагчид хэллээ дээ. Багш “Юу ярьж байгаа юм чи. Юу ч мэдэхгүй чадахгүй байж” гээд загнаж байна. Дамдин найруулагч болохоор “Төмөртогтохоо чи Сүхбаатарт л тогловол энэ л дүрээрээ үлдэнэ шүү дээ” гээд ятгаад байдаг. Нөгөө талаас Балжаа багш “Чи түүхэн кинондоо тогло. Ард түмний дунд Минхайгаараа үлдэнэ шүү дээ” гээд байдаг. Тэгээд би жанжнаас татгалзаж, Минхайг сонгож байлаа.

-Анхны дүр алдаа оноогоор дүүрэн л байсан байх. Анхны удаа жүжиглэж байхын бэрхшээл болоод баяр хөөртэй үйл явдлын талаар дурсаж яривал…?
-Хэцүү зүйлс бараг мэдрээгүй. Хэцүү гэмээр зүйл нь халуун наранд, хүнд хуяг дуулгатай явах л хэцүү байсан. Яг л өөрийнхөөрөө байсан болохоор хэцүү санагдаагүй байх.

 

ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ЭНД ДАРЖ УНШИНА УУ

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …