Уг жагсаалтад Сонгогч Таны зөвхөн өөрт тань холбогдох мэдээлэл буруу бүртгэгдсэн эсхүл огт бүртгэгдээгүй эсэхийг шалгаж, залруулах боломжийг хуулиар олгожээ.
Тухайлбал, Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага сонгогчдын нэрийн жагсаалтад байгаа сонгуулийн эрх бүхий иргэний эцэг/эх/-ийн нэр, өөрийн нэр, нас, хүйс, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн мэдээллийг аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороогоор болон сонгуулийн хэсэг нэг бүрээр нэгтгэн гаргаж уг жагсаалтыг сонгуулийн жилийн гуравдугаар сарын 15-ны өдрөөс өмнө сонгууль дуустал цахим хуудаст байрлуулна.
Хэрэв Сонгогч өөрийн болон өөрийн гэр бүлийн аль нэг гишүүний нэр сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй буюу буруу бүртгэгдсэн байвал энэ тухай сонгогч өөрийн болон өөрийн гэр бүлийн гишүүний нэрийн өмнөөс гомдлоо улсын бүртгэлийн холбогдох байгууллагад санал авах өдрөөс арваас доошгүй хоногийн өмнө бичгээр гаргана.
Улсын бүртгэлийн холбогдох байгууллага нь гомдол хүлээн авсан бол тухайн гомдол гаргасан иргэний мэдээллийг иргэний бүртгэл, мэдээллийн улсын сангаас хайлт хийн тодорхойлж, лавлагаа гаргах ба тухайн лавлагааг үндэслэн сонгогчийн мэдээллийг хэсгийн хорооны дэргэд ажиллах иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан гурав хоногийн дотор сонгогчдын нэрийн жагсаалтад өөрчлөлт оруулах бөгөөд үүнээс бусад үндэслэлээр сонгогчдын нэрийн жагсаалтад өөрчлөлт оруулахыг хориглоно.
Сонгуулийн санал авах өдөр дээрх ажиллагааг хийхийг хуулиар хориглосон байна.