Монголын ширээний теннисний холбоо, “Эй-Ар-Би “ компанитай хамтран зохион байгуулсан 2015 оны ширээний теннисний насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах 49 дэх удаагийн тэмцээн “Оч” клубт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Энэ жилийн тэмцээн нь ганцаарчилсан болон эрэгтэй, эмэгтэй багийн төрөлд болсон. Эрэгтэй 80, эмэгтэй 140 тамирчин өрсөлдөж 1958 онд хамгийн анхны улсын аварга шалгаруулах тэмцээнээ зохион байгуулж байсан тус холбоо ийнхүү 49 дэх удаагийн аваргуудаа өлгийдөн авсан юм.
Э.Лхагвасүрэн УАШТ-ий гуравдахь түрүүгээ хүртлээ
Эрэгтэй нэг бүрчилсэн төрөлд ОУХМ Энхбатын Лхагвасүрэн түрүүлсэн бөгөөд хагас шигшээ шатанд залуу тамирчин Ч.Эрдэнэбаяртай учраа таарч буулган авсан юм. Үүний дараа Спортын Мастер Б.Билэгтийг хожсон ОУХМ Я.Бэгз болон Э.Лхагвасүрэн нарын дунд тун сонирхолтой тоглолт өрнөсөн. Эхний хоёр үед ОУХМ Э.Лхагвасүрэн тэргүүлсэн ч ээлжит хоёр үед Я.Бэгз сетийн харьцааг тэнцүүлж дөнгөсөн юм. Эцэст нь долоон парт гарсан тоглолтыг эцсийн мөчид Э.Лхагвасүрэн өөрийн талд шийдэж Монгол Улсын аварга хэмээх эрхэм хүндтэй цолыг гуравдахь удаагаа хүртлээ. Түүний хувьд өөрийн дасгалжуулагч тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга ОУХМ Галбадрахын амжилттай зэрэгцэн ирсэн байна. Тэрээр 2015 оны хоёрдугаар сарын байдлаар дэлхийд чансаагаар 453 –т эрэмблэгдэж байгаа. Өмнө нь буюу 2005 онд улсын аварга болохдоо олон улсын хэмжээний мастер цолны болзолыг давхар биелүүлж байжээ. Харин түүнтэй өрсөлдсөн ОУХМ Я.Бэгзийн хувьд 40 нас шүргэж буй ч залуучуудад “харих” болоогүй гэдгээ дахин санууллаа.
Э.Лхагвасүрэн : Багшийнхаа амжилттай зэрэгцсэндээ баяртай байна
Анх 2005 онд улсын аварга шалгаруулах тэмцээний анхны түрүүгээ хүртсэн. Түүнээс яг 10 жилийн дараа дахин аварга боллоо. Тэр дундаа өөрийн багш Галбадарахын амжилтыг давтаж, багшийнхаа ачийг хариулсандаа баяртай байна. 2005, 2013, 2015 онд аваргаллаа. 2015 оны аварга шалгаруулалт миний хувьд хамгийн их хүч гаргасан, хамгийн өрсөлдөөнтэй нь байлаа.
Өсвөрийн хүү томчуудын чангахан учраа
Эрэгтэйчүүдийн хагас шигшээд аваргын эсрэг тоглож ялагдал хүлээсэн залуу тамирчин бол Чингэлтэй дүүргийн өсвөрийн шигшээ багийн тамирчин Ч.Эрдэнэбаяр юм. Тэрээр энэ жил 14 настай ч ширээний теннисний Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээний нэгэн “чимэг” нь байлаа. Шигшээ шатанд олон улсын хэмжээний мастер, улсын хошой аваргаБ.Баярмагнайн эсрэг тоглох хүндхэн учраа түүнийг хүлээж байсан юм. Гэсэн ч залуу тамирчин эмээсэнгүй. Өрсөлдөгчөө хурдаар илүүрхэж Монгол Улсын хошой аварга ОУХМ Б.Баярмагнайг буулган авснаар энэ тэмцээний гол дуулианы эзэн болсон юм. Баяр дээр баяр нэмж тэрээр хагас шигшээд ялагдал хүлээсэн ч хүрэл медаль дээр бууж, спортын дэд мастер цолны болзолыг хангаж, монголын теннисний хөгжлийн түүхэнд нэгэн шинэ рекорд тогтоолоо. Мөн эмэгтэйчүүдийн шигшээ наймд мөн 13 настай Г.Ундрам охин шалгарсан нь өмнөх улсын аварга шалгаруулах тэмцээнд харагдаж байгаагүй дүр зураг байлаа.
Ч.Эрдэнэбаяр : Насаар бага ч, ялна гэдэгтээ итгэлтэй байсан
-Миний хувьд Б.Баярмагнай ахтай тоглохдоо ахмад тамирчинг заавал ялах ёстой хэмээн өөртөө амлаж байсан. Хожсоны дараа маш их баярласан. Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдсөн ах нар шигшээ сайн тамирчин болж тив дэлхийн тэмцээнд өрсөлдөх нь миний туйлын зорилго.
Удамт теннисчин улсын аваргын анхны түрүүгээ хүртлээ
Эмэгтэй ганцаарчилсан төрлийн шилдэг наймын тоглолтууд ч сонирхолтой өрнөсөн. Ингэснээр аваргын төлөө спортын дэд мастер М.Дэлгэрмаа болон Г.Индра нар учраа таарсан юм. Тус тоглолт ердөө дөрөвдүгээр үед шийдэгдэж М.Дэлгэрмаа анх удаагаа улсын аварга боллоо. Өнгөрсөн жилийн УАШТ-ний шигшээд шалгарч байсан тэрбээр энэ удаад спортын мастер цолны болзол хангасан юм. Шинэхэн спортын мастерийг түүний аав болох монголын шилдэг дасгалжуулагч Мэргэн дасгалжуулсан юм. Ийнхүү удамт теннисчин улсын аваргын анхны түрүүгээ хүртсэн бол өмнөх жилийн улсын аваргын мөнгөн медальт Г.Индра медалийн буухиагаа үргэлжлүүлж чадсан.. Мөн үзэгчдийн тооцоололд түрүүлнэ хэмээн таамагт дэвшиж байсан дэд мастер Б.Должинжуу шигшээ наймд дэд мастер Мөнхцэцэгт хожигдож, дараа жилийн аваргыг хүлээхээр боллоо. Харин улсын зургаан удаагийн аварга олон улсын хэмжээний мастер Б.Батхишиг, дэд мастер Мөнхцэцэгийн хамт гуравдугаар байр эзэллээ.
М.Дэлгэрмаа : Цаашдаа бусад орны шилдгүүдтэй өрсөлдөхийг хүсч байна
-Анх удаагаа улсын аварга боллоо. Сэтгэгдэл өндөр байна. Манай клубт Монгол Улсын аварга болсон спортын цол зэргийг биелүүлсэн тамирчдын зураг өлгөгддөг. Миний хувьд яг тэдэн шиг зургаа байрлуулахыг хүсдэг байсан. Зорилгодоо хүрлээ. Баяртай байна. Цаашдаа улсдаа тэргүүлж бусад орны шилдгүүдтэй эн тэнцүү өрсөлдөхийг хүсч байна.
Шигшээ баг ДАШТ-д төвлөрч байна
-Багийн төрлийн аваргаар эрэгтэйчүүдээс “Шинэ эргэлт” эмэгтэйчүүдээс “Хаан даатгал” баг тэргүүллээ. Тэртээх 1961 онд БНХАУ-ын Бээжин хотноо болсон насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улс түүхнээ анх удаагаа өрсөлдөж явсан удаатай. Тэгвэл түүхийг үргэлжлүүлэхээр шигшээ баг тамирчид ирэх сарын 26 –тавдугаар сарын 3 нд БНХАУ-ын Сужоу хотноо болох 53 дахь удаагийн нэг бүрчилсэн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөнө. Монгол Улсаа төлөөлөн өрсөлдөх ОУХМ Э.Лхагвасүрэн, Я.Бэгз, Спортын мастер Б.Билэгт болон эмэгтэй төрөлд улсаа төлөөлөн өрсөлдөх ОУХМ Б.Батхишиг,Б. Должинзуу лигийн аварга “Хангарьд” спорт хор “Мон лаа”, компанийн тамирчин, спортын мастер М.Дэлгэрмаа нартаа спорт сонирхогчдынхоо өмнөөс амжилт хүсье. Дашрамд дурьдхад дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнөхөн зохион байгуулагдсан Монголын ширээний теннисний холбооны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд шинэ залуу тамирчид хүч түрэн гарч ирсэн нь олон улсад, тив дэлхийд шилдэг тамирчид өрсөлдөх нэгэн гүүр нь болж өглөө.