Өнгөрсөн хугацаанд зам барилгын ажлын хүрээнд шинээр болон сэргээн засварласан явган зам, тохижилтын ажил нилээдгүй хийгдсэн боловч хот төлөвлөлт байгуулалтын бодлогод нийцүүлээгүй, холбогдох норм дүрмийг баримтлан ажиллаагүй, ажлын гүйцэтгэл муу зэргээс хамааран явган замын зорчих эгнээ нарийссан, эвдэрч, сул шороон хөрсийг бий болгож байгаа нь иргэд автозамаар явахдаа осолд өртөх эрсдлийг бий болгодог байна.
Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын архитиктуур төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Энхцогт ярихдаа “Энэ ажлын хүрээнд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас судалгаа хийж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангуулах, Улаанбаатар хотын хөрс, орчны бохирдлыг бууруулах, иргэдийн хэрэгцээнд нийцсэн явган замын нэгдсэн сүлжээг бий болгох зорилгоор 2015 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн А/123 дугаар захирамжийн дагуу сул шороон хөрсийг зүлэгжүүлэх, хатуу хучилттай болгож, тохижуулах төслийг боловсруулан Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга батласан. Цаашид батлагдсан загвар төслийн дагуу хийгдэх тохижилтын ажлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хариуцан зохион байгуулна. Ажил энэ хавар эхлээд 2015 он гэхэд дуусах болно” гэж ярилаа.
Эхний ээлжинд Хан-Уул дүүрэг 1-хороо энхтайвны гүүрний баруун урд тохижилтын ажлыг хийхээр болжээ.
Ц.Чанцалням