Хятадын зах дээр зарагдсан “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгийг “аварлаа”

11077226_445028202327521_151150575_n971067290201503201401Сүүлийн хэдэн өдрийн турш цахим ертөнцөд тархаж, олны эгдүүцэл бухимдлыг төрүүлж байсан нэгэн асуудал сая нэг юм эцэслэн шийдвэрлэгджээ. Энэ нь манай уран бүтээлчдийн хувьд, тухайн салбарынх нь шилдгээр тодорхойлох өндөр нэр хүнд бүхий “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгийг БНХАУ-ын Эрээн хотын зах дээр худалдан борлуулж байсан явдал. Бүхэл бүтэн улсын маань соёл урлагийн салбарын тэргүүлэх зэргийн шагнал, цол тэмдгийг хятадууд ердөө л 15-хан мянган төгрөгөөр зарж суугааг мэдсэн хэн бүхний дургүй хүрэх нь ойлгомжтой.

Тиймээс уран бүтээлчдийн маань сэтгэлийг эмзэглүүлж, урлагт хайртай үзэгч сонсогчдын дургүйцлийг төрүүлээд байсан уг асуудалд Аюурсайхан даргаар ахлуулсан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрынхан арга хэмжээ авч, тус хууль бус наймааг таслан зогсоох шийдвэр гаргажээ. Үүгээр ч зогсохгүй, урд хөршид худалдаалж буй Монгол Улсын соёл урлагийн салбарын хэд хэдэн цол тэмдгийг хуурамчаар үйлдсэн гэмт этгээдүүдтэй хариуцлага тооцон хатуухан захирамж хүртэл гаргасан байна.

Урлаг соёлын салбарын шагнал урамшууллыг энэ мэт байдлаар үнэгүйдүүлж, хуурамч цол тэмдэг худалдан борлуулж буй эл явдлыг зогсоохоор Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас тодорхой хүрээнд шалгалт хийн, урд хөршид хүртэл очоод ирсэн гэнэ. Ингээд уран бүтээлчдийн маань хувьд соёл урлагийн салбарт оруулсан хүч хөдөлмөрийг нь үнэлж, цаашид хийж бүтээх их урмын ташуур нь болдог “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгийн талаархи сэтгэгдлийг та бүхэндээ хүргэе.

“Нюанс” хамтлагийн дуучин М.Амарсанаа:

Amaraa-1113299541201503201337-Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт багагүй хугацаанд ажилласан, мөн урлагт 10 гаруй жилийн хүч хөдөлмөр, авьяас чадвар, сэтгэл зүтгэлээ зориулж явсныг маань үнэлж бидэнд энэ цол тэмдгийг өгсөн гэж боддог юм. Мэдээж хэрэг, уран бүтээлч хүмүүсийн хувьд урлагийн салбарт хэрхэн ажиллаж хөдөлмөрлөсөн болохыг нь энэхүү шагналаас харах боломжтой. Социалист нийгмийн үед аав минь 15-16 жил хөдөлмөрлөж байж “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнуулсан юмдаг. Тухайн үед уран бүтээлчдэд олгох шагнал урамшууллын шаардлага өндөр, хийж бүтээсэн ажил үйлсээс нь гадна гэр бүлийн тогтвортой байдал гэх мэт олон янзын шалгуур тавьдаг байсан шүү дээ.

Харин одоо цаг үе өөр болсон. Үнэхээр урлагт олон жил зүтгэсэн, хийж бүтээсэн нь хэний ч өмнө ил байгаа тэр хүмүүст өгч чадвал жинхэнэ нүдээ олсон шагнал болно. Уран бүтээлчдэд маш их эрч хүч, урам зориг өгч чаддаг шагнал юм шүү дээ. Харамсалтай нь, сүүлийн үед шагнал урамшуулал олгох явдал жаахан хавтгайрч эхэлснээс болоод энэ цол тэмдгийн үнэлэмж буурсан нь үнэн. Энэ хэрээр манай цол тэмдгийг хятадууд хуурамчаар үйлдвэрлэн, захын лангуун дээрээ хямд үнээр худалдаж байгаа нь жинхэнэ доромжлол. Харин ийм бусармаг явдлыг таслан зогсоож, уран бүтээлч бидэнд шагналынхаа үнэ цэнийг хадгалж үлдэх боломж олгосонд талархаж байна.

Дуучин С.Сэрчмаа:

serchmaa-1448508868201503201337-“Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгийг би 2005 онд авч байсан. Тухайн үеийн БСШУЯ-ны сайд Д.Цанжидаас МУГЖ Б.Сарантуяа, МУГЖ Ч.Бат-Эрдэнэ нартай хамт энэ шагналыг гардаж авсандаа тун их баяртай явдаг. Миний хувьд, урлагийн салбарт хөл тавьснаас хойш даруй 15 жилийн нүүрийг үзэж байна. Харин энэ шагналыг авснаас хойш арван жил өнгөрчээ. Уран бүтээлчдийн маань хийж бүтээснийг өндрөөр үнэлэн, цаашид илүү их амжилт гаргах урам зориг өгч байгаа Засгийн газрын шагнал шүү дээ. Урлаг соёлын салбарт тэргүүлж яваа шилдэг уран бүтээлч гэж тодорхойлж өгсөн энэ шагналдаа би дэндүү хайртай.

Яахав, сүүлийн үед зарим нэг байдлаар ганц хоёрхон дуу дуулаад ч юмуу, нэг удаа тоглолт хийгээд “Соёлын тэргүүний ажилтан” болчихсон хүмүүс цөөнгүй бий. Үүнээс болж тухайн шагналын нэр хүнд багагүй унаж, арилжаа наймааны маягаар ашиг хонжоо хайсан хүмүүс хуурамчаар үйлдвэрлэж худалдахад хүрч байгаа болов уу гэж бодсон. Юутай ч энэ шагналын үнэлэмжийг хамгаалсан арга хэмжээ авч буйд уран бүтээлчдийнхээ өмнөөс баярласан шүү.

Дуучин Т.Батсайхан:

batsaihan-1722020031201503201337-Би энэ шагналыг 2006 онд авсан. Аймгийн хөгжимт драмын театрт тодорхой хэмжээнд ажиллаж, урлагт бараг 10 гаруй жилийг зориулж явах үедээ гардсан шагнал минь. Уран бүтээлч бидний хувьд маш их урам зориг хайрлаж, цаашид хийж бүтээх энгүй хүсэл тэмүүлэл өгч, басхүү өндөр үүрэг хариуцлага хүлээлгэдэг шүү дээ. Тиймээс би “Соёлын тэргүүний ажилтан” болсондоо одоо хүртэл баярлаж, бахархах сэтгэл төрөлгүй яахав.

Гэхдээ энэ цол тэмдгийг хятадын зах дээр 15 мянган төгрөгөөр зарж борлуулдаг тухай мэдээлэл сонсч байсан нь үнэн. Тухайн үед сэтгэл харуусч, энд тэндхийн тоглолтын тайзан дээр “Соёлын тэргүүний ажилтан” гэж дуудуулах дэмий ч юм шиг санагддаг байлаа. Харин энэ бүхэнд дорвитой арга хэмжээ авч, хуурамч шагналын наймааг таслан зогсоосныг дуулаад сэтгэл амарсан. Энэ чинь хэн дуртайд нь олдоод байдаг шагнал биш л баймаарсан, уг нь.

Хийлч Ч.Дэлгэрцэцэг:

deegii-1844952065201503201337-2009 онд “Соёлын тэргүүний ажилтан” болж байсан юм байна. Урлагт 20 гаруй жил зүтгэсний хүчинд энэ шагналыг гардаж, салбарынхаа тэргүүний уран бүтээлч болж билээ. Аливаа салбарын хамгийн шилдэг, тэргүүний ажилтанд өгдөг шагнал урамшуулалтай адилхан маш их нэр хүнд, үүрэг хариуцлага дагуулсан цол тэмдэг шүү дээ. Мэдээж хэрэг, ямар ч хүн байсан хамаагүй. Тухайн салбарынхаа манлайлагч, хамгийн сайн сайхан, тэргүүлэх хэмжээний ажилтан байхыг хүсэх нь хэнд ч ойлгомжтой. Үнэхээр хийж бүтээхийн төлөө чин сэтгэлээсээ зүтгэж, авьяас чадвар төдийгүй хүч хөдөлмөр, ажил амьдралаа зориулж яваа тэр бүхнийг нь баталгаажуулж өгсөн шагнал гэж би хувьдаа боддог юм.

Гэтэл энэ их нэр хүндтэй шагналыг үнэгүйдүүлж, хятадууд хуурамчаар үйлдвэрлээд зарж байна гэхээр итгэхэд ч бэрх санагдсан. Тодорхой газрууд нь хяналт шалгалтаа хийгээд уран бүтээлчдийнхээ итгэл сэтгэлийг унагахгүй явах биз ээ. Миний хувьд, энэ шагналынхаа нэр хүндийг унагаж, үнэ цэнийг бууруулах ЭРХ байхгүй гэж бодож, хичээж зүтгэж явдаг. Цаашдаа ч ийм хүсэл зорилготой ажиллаж, урмын ташуур өгсөн үнэ хүндтэй цол тэмдгийнхээ эзэн нь байх болно.

Жүжигчин Т.Хулан:

hulan-1548674277201503201337-Нийт уран бүтээлчдийн өмнөөс гэж ярихаасаа илүүтэй би жүжигчдийнхээ тухайд хэдэн үг хэлмээр байна. Улсын драмын эрдмийн театрт дор хаяж 5-10 жил ажилласан, чадварлаг бөгөөд туршлагатай уран бүтээлчид олгодог шагнал бол “Соёлын тэргүүний ажилтан”. Энэ ч утгаараа, тухайн шагналыг авч байгаа хүмүүсийн хувьд маш их нэр төрийн хэрэг юм. Мөн үүрэг хариуцлагын асуудал ч давхар яригдана шүү дээ. Тиймээс жүжигчдийн хувьд энэ шагнал өндөр үнэ цэнэтэй.

Миний хувьд, 2011 онд УДЭТ-ын 85 жилийн ойн өмнөхөн “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнуулж байсан. Их сургуулиа төгсөөд театрт хөл тавьж, мэргэжлийн жүжигчин болсноос хойш долоон жилийн дараа энэ шагналыг авсан. Бас найман сартай жирэмсэн байхдаа буюу анхны хүүхдээ хэвлийд байх үед нь ийм том шагнал авсандаа одоо хүртэл баярлаж дурсдаг юм. Урлагийн тайзнаа хийж бүтээсэн бүхнийг минь үнэлэн, маш том итгэл хүлээлгэж, урам зориг өгснөөр барахгүй цаашид үүнээс ч ихийг хийх ёстой гэсэн өндөр хариуцлага үүрүүлж, энэ салбартаа үнэнчээр зүтгэж ажиллаарай гэж сайшааж дэмжсэн энэ шагнал маш сайхан. Тиймээс хятадын зах дээрээс хямд үнэтэй, хуурамч шагнал худалдаж авсан хэн нэгнээс ч илүүтэй эрхэм нандин санагдах эд л дээ.

Б.Содон

Эх сурвалж: www.TODAY.mn

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …