Монголын байгаль орчны иргэний зөвлөл/МБОИЗ/, Монголын усны түншлэл ТББ-аас хамтран “Усны шинжлэх ухааны хөгжил, ирээдүйн чиг хандлага”-ын талаар өнөөдөр МҮОНРТ-д мэдээлэл хийлээ.
МБИОЗ-ийн удирдах зөвлөлийн гишүүн Д.Басандорж, МБИОЗ-ын иргэний зөвлөлийн тэргүүн С.Дамдинсүрэн нар алт эрдэнэс биш ус хамгийн үнэт эрдэнэ гэдгийг дахин дахин онцлоод усны талаар төр засгаас бодитой, дорвитой ажил хийхгүй байгаа талара шүүмжлэв.
“Дэлхийн усны өдрийг жил бүрийн 3 сарын 22-ны өдөр тэмдэглэдэг уламжлал тогтоод 20 гаруй жил болж байна. Өнгөрсөн онд “Ус ба эрчим хүч” сэдвээр тэмдэглэсэн бол энэ жил “Ус ба тогтвортой хөгжил” сэдвийн хүрээнд тэмдэглэж байна. Гэтэл дэлхийн усны өдрийг төр, засгаас төдийлөн анхаарахгүй, ач холбогдол өгөхгүй байгаа нь харамсалтай байна. Жил бүр нэр төдий хандаж явсаар нэг л мэдэхэд бидний үр хүүхэд, хойч үе усаар гачигдахыг үгүйсгэхгүй. Уур амьсгалын өөрчлөлт, хэт дулаарал, хүлэмжийн хий, ган цөлжилт, хар цагаан зуд, антропоген нөлөөлөл буюу хүний хүчин зүйлээс үүдэлтэй усны нөөц хомсдож, багасаж байгаа олон жишээ баримтууд байна. Сүүлийн жилд хатаж, ширгэж байгаа нуур, цөөрөм гол горхи, булаг шандны тоо нэмэгдсээр, мөнх цас, мөсөн голууд хайлсаар “намаг гэсэх” үзэгдэл бий болж, хөрсний нуралт үүссээр экологийн гамшиг нүүрлэсээр байгаа ч төр засгаас дорвитой арга хэмжээ авахгүй байна” гэлээ.
Л.Цэрэндолгор