Нийгэм, цаг үедээ бүтээлч манлайллыг бий болгож яваа залуу бүсгүйчүүдийн “Бриллиант” клубээс “МОНГОЛ ЭМЭГТЭЙЧҮҮД ЁС СУРТАХУУНААР МАНЛАЙЛНА” үндэсний хэмжээний цуврал 10 000 эмэгтэйн чуулганыг Монголд анх удаа зохион байгууллаа. Тус чуулган нь 2015 оны 3 дугаар сарын 20-ны энэ өдөр Улаанбаатар хотноо Тусгаар Тогтнолын Ордны их танхимд “1000 ОХИДЫН ЧУУЛГАН”-аар эхэллээ.
Монгол улсын 21 аймагт “100 ОХИДЫН ЧУУЛГАН”-аар нэг цаг, нэгэн сэдэв, нэгэн зорилго дор чуулж байгаагаараа онцлог юм. Улаанбаатар хотноо болж буй “1000 ОХИДЫН ЧУУЛГАН”-д нийслэлийн 118 ЕБС-ийн ахлах ангийн нийт 1100 орчим охид хамрагдав.
“Охид ариун бол төр ариун” сэдвээр МУБИС-ийн ахлах багш, боловсрол судлал-сурган хүмүүжүүлэх ухааны доктор Н.Цогзолмаа, “Би өөрөө Эх орон” сэдвээр ШУТИС-ийн Удирдлага, Хүмүүнлэгийн Ухааны сургуулийн багш, улс төр судлалын ухааны доктор Монголын эмэгтэй эрдэмтдийн Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Я.Төгөлдөр нар илтгэл уншиж, хэлэлцүүлэг хийсний зэрэгцээ Монголын отгон модель, “Андра модель” агентлагийн захирал Х.Бадамгэрэл болон Монголын анхны “Тэргэнцэртэй сайхан бүсгүй” Д.Цолмон нар өсвөр насныхаа авууштай болон анхаарууштай, сургамжтай дурсамжуудаа хуваалцан охидтой халуун дотно яриа өрнүүлсэн юм.
“ЭМЭГТЭЙЧҮҮД ЁС СУРТАХУУНААР МАНЛАЙЛНА” Үндэсний чуулганы гол зорилго нь эмэгтэй хүн бол цэвэр ариун, халамж төгс, оюунлаг мэргэн, ажилч хичээнгүй, хүнлэг энэрэнгүйн хамгийн гол илэрхийлэл бөгөөд энэ бүхнийг гэр бүл, хамт олон, нийгэмд түгээн дэлгэрүүлэх нь Монгол эмэгтэйчүүдийн улс орондоо оруулж буй маш том хувь нэмэр, хамгийн чухал үүрэг юм гэдгийг таниулан, ухамсарлуулахад оршиж байна.
Залуу эмэгтэйчүүдийн “Бриллиант клуб” нь байгуулагдаад 1 жил гаруй болж байгаа ба анхныхаа үйл ажиллагааг 2014 оны 01-р сар зохион байгуулж, 11-р сард “Тэргэнцэртэй сайхан бүсгүй” шалгаруулжээ.
Эмэгтэйчүүдийн “Бриллиант клуб” нь 21 аймаг, 9 дүүрэг өөрийн салбартай болжээ. Дараагийн чуулган нь 2015-04-20- нд “1000 Оюутан охидын чуулган” 2015-05-20 нд “1000 Залуу ээжүүдийн чуулган”-аар түүчээлэн үргэлжилнэ.
Ц.Чанцалням