Хамгаалалтын нэгдүгээр газрын Төрийн хамгаалалтын хэлтсээс санаачлан Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газар, Төрийн тусгай хамгаалалтын газрын даргатай хамтран баталсан удирдамжийн дагуу “Төрийн тусгай хамгаалалтыг зохион байгуулахад анхаарах асуудал” сэдэвт сургалтыг Улаанбаатар хотын цагдаагийн газрын хурлын танхимд зохион байгуулав.
Цагдаа, төрийн тусгай хамгаалалтын байгууллагаас төрийн тусгай хамгаалалт зохион байгуулах эрх зүйн үндэслэл, барилга, бусад зүйлийн орчинд хэв журмын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, хамгаалуулагчдыг тээврийн хэрэгслээр зорчих үеийн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хамгаалалт, зохицуулалт, нийтийн эмх замбараагүй байдал үүссэн буюу үүсч болзошгүй нөхцөл байдлын үед төрийн хамгаалалтанд хүч нэмэгдүүлэн хамтран ажиллах зэрэг сэдвүүдээр сургалт явууллаа.
“Монгол Улсад айлчилж байгаа гадаад орны төр, засгийн газрын тэргүүн, өөрийн хамгаалалттай ирсэн дээд, өндөр хэмжээний зочдын аюулгүй байдлыг хангахад Гадаад харилцааны яамны оролцоо, хамтын ажиллагаа” сэдвээр ГХЯ-ны Дипломат ёслолын газрын дарга Д.Бямбадорж хичээл заасан байна.
Сургалтад Төрийн тусгай хамгаалалтын газар, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газар, Хамгаалалтын нэг, хоёр, гуравдугаар газар, Улаанбаатар хотын цагдаагийн газар, Улаанбаатар хотын замын цагдаагийн газар, Төмөр зам, Иргэний агаарын тээвэр, Баянзүрх, Баянгол, Сүхбаатар, Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсүүдээс нийт 69 алба хаагч оролцож, хамтын ажиллагааны явцад учирдаг бэрхшээл, цаашид хэрхэн шийдвэрлэх талаар харилцан санал солилцож, команд штабын сургалтыг ойрын хугацаанд зохион байгуулах зэрэг олон санал гаргаж, хамтран хэрэгжүүлэхээр болов.