Цаг урагшлуулах нь зөв үү? буруу юу?

cd3a72d8872060c3originalЗасгийн газрын хуралдаанаар цаг урагшлуулах тухай асуудлыг хэлэлцэн дэмжсэн билээ. Уг шийдвэр гарснаар энэ сарын 27-28-нд шилжих шөнө цагийн хуваарьт өөрчлөлт оруулахаар болсон. Манай улсад 2007 он хүртэл дулааны болон хүйтний улирлыг угтан ийнхүү цагийн хуваарьтаа өөрчлөлт оруулдаг байсан ч хүчингүй болгоод байсан юм. Энэ талаарх хронобиологи, биохэмнэл судлалын чиглэлээр судалгаа хийдэг Эрүүл мэндийн шинжлэх ухааны доктор, Төрийн соёрхолт, академич Л.Лхагва болон Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч, олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн зөвлөх Ц.Мөнхтөр нарын байр суурийг хүргэе.

Л.Лхагва: ЦАГ УРАГШЛУУЛАХ ХҮНИЙ БИЕД СӨРӨГ НӨЛӨӨТЭЙ

-Гадаадын судлаачдын судалгааны үр дүнгээс харахад цаг шилжүүлсний дараа хүмүүсийн 75 хувь нь нойрны хямралд ордог. 20 хувь нь өөрчлөлтийг мэдрэхгүй, таван хувь нь өмнөхөө бодвол аятайхан унтаж, сэрж байжээ. Үүнээс үзэхэд хүмүүсийн дөрөвний гурвынх нь биед өөрчлөлт орсон байгаа юм. Тэгэхээр 25 хүнийг бодох уу, 75 хүний эрүүл мэндийг бодох уу гэдэг асуулт гарч ирнэ. Хоногийн цагийг гэнэт урагшлуулж, хойшлуулах нь бие махбодын дасан зохицох чадвар, улмаар биохэмнэлийн нийлэмжийг зориудаар алдагдуулж, дасан зохицлын эмгэг үүсэхэд хүргэдэг. Хаврын улиралд орчлонгийн жам ёсоор өдөр 1-2 минутаар уртассаар нэг цагийн зөрөө гарахад 30 гаруй хоног шаардагддаг бөгөөд энэ жам ёсонд хүн ямар ч зовиур, шаналгаагүйгээр дасдаг. Намрын цагт ч бас л нэг хоёр минутаар өдөр богиноссоор нэг цагийн зөрүү гарах нь 40 гаруй хоногийн дараа болдог. Гэтэл бид энэхүү дасан зохицох зүй тогтлыг огт хайхрахгүй, дураа хүрэхээр цагийг гэнэт урагшлуулж, хойшлуулдаг нь стрессийн цочмог нөлөө, сэтгэл түгшлийн хүнд дарамт, сэтгэл санааны тавгүйтэл бий болгож байгаа юм. Энэ нь хүний биеийг хямраана, өвчлүүлнэ, үхэлд хүргэнэ. Үүнийг шинжлэх ухаанаар батлаад байна. Хүүхэд өглөө босохдоо нэн хойрго болж нойрмоглох, сурагчдын анхаарал сарнин, хайхрамжгүй болж, дүйнгэтэх, хичээл дээр унтах, юм ойлгох чадвар нь мууддаг. Ялангуяа хүүхдийн дархлааны тогтолцоо төгөлдөршиж амжаагүй байдаг учраас биеийн эсэргүүцэл илт суларч, өвчлөмтгий болно.

Ц.Мөнхтөр: ЦАГ УРАГШЛУУЛСНААР ЭЕРЭГ БОЛОМЖ ОЛГОДОГ

-Засгийн газрын ээлжит хуралдаан энэ сарын 9-нд болж, 30 гаруй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн. Эдгээрийн нэг нь зуны цагийн хуваарьт шилжих тухай асуудлыг ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт оруулж, хэлэлцүүлсэн. Хуралдаанаар зуны цагийн тоололд энэ сарын 27-28-ны шөнө шилжих шийдвэрийг гаргасан. Нарны энергийг боломжтой үед нь түлхүү ашигласнаар цахилгаан эрчим хүчийг хэмнэх зорилгоор манай улс 1983, 1985, 2001 онд Засгийн газрын тогтоолоор гуравдугаар сарын сүүлчийн долоо хоногийн баасан гаригаас есдүгээр сарын сүүлчийн долоо хоногийн баасан гариг хүртэлх хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт цагийн тооллыг нэг цагаар урагшлуулан ажил, үйлчилгээний эхлэх цагийн хуваарийг хэвээр мөрдөж байсан нь тодорхой салбарын үйл ажиллагаа, иргэдийн амьдралд ач холбогдлоо өгч иржээ. Тиймээс цагийн тооллыг урагшлуулж байгалийн эрчим хүчийг ашиглах нь эрчим хүч хэмнэх, тариа ногоо тарих болон хувийн аж ахуй эрхлэх, үйлчилгээний байгууллагад үйлчлүүлэгчдийн тоо өсөх зэрэг эерэг боломжийг олгодог тул ийм шийдвэр гаргасан.

эх сурвалж: unen.mn

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …