Дорнод аймгийн Матад сумын нутаг дэвсгэрт газрын тосны хайгуул, олборлолт, тээвэрлэлт хийж буй “Петрочайна Дачин тамсаг” ХХК-ийн хууль бус үйлдлийн талаар сумын удирдлагууд болон иргэдийн төлөөлөл мэдээлэл хийв.
Тэд “Петрочайна Дачин тамсаг” компанийг хуулийг уландаа гишгэж байна гэж тайлбарласан юм. Тодруулбал тус компанийн хууль бус ажиллагааны улмаас өнөөдөр Дорнод аймгийн Матад сумын байгаль орчинд хохирол учирч, иргэдийн эрүүл мэнд, аюулгүй амьдрах эрх ноцтойгоор зөрчигдөөд байгаа аж.
Мэдээллийн эхэнд “Монголын байгаль хамгаалах иргэний хөдөлгөөнүүдийн эвсэл” ТББ-ын хуулийн зөвлөх Ш.Аманкед “Бид Матад сумын иргэдийн эрх ашгийг хамгаалах стратегийн өмгөөлөл явуулж 2011 оны есдүгээр сарын 5-нд Баянзүрх дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэвч анхан шатны шүүх хурал гурван удаа хойшилсон” гэж байлаа.
Харин өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 17-нд анхан шатны шүүх хурал дөрөв дэх удаагаа болж 854 тоот шийдвэрээр тус компани нь Дорнод аймгийн Матад сумын Буян-Өндөр багийн нутагт газрын тосны үйл ажиллагаа явуулахдаа байгаль хамгаалах, нөхөн сэргээх үүргээ бүрэн биелүүлээгүй болохыг тогтоосон байна. Улмаар 1.3 тэрбум төгрөгийг тус компаниас гаргуулж Матад сумын төсөвт олгохыг даалгажээ.
Гэтэл хариуцагч “Петрочайна Дачин тамсаг” компани эл шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах гомдлыг Нийслэлийн шүүхэд гаргасан ч гомдлыг хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. Ингээд тус компани Улсын дээд шүүхэд гомдол гаргаж, тодорхойгүй шалтгаанаар шүүх хурлыг зургаан удаа хойшлуулаад байгаа аж.
Энэ талаар Дорнод аймгийн Матад сумын Засаг даргын орлогч дарга Ц.Энхмаа “Петрочайна Дачин тамсаг” компани Монголын шүүхийн бүх шатаар асуудлаа эцэслэн шийдвэрлүүлж, хохирлыг нөхөн төлүүлэх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нэгэнт эхлээд явж байтал ямар ч үндэслэлгүй шүүх хурлыг олон удаа хойшлуулсан.
Энэ нь хууль цаазыг уландаа гишгэсэн, мөн даажигнасан төдийгүй шүүхийн байгууллагыг үл тоомсорлон тоглоом хийсэн үйлдэл юм” гэв.
эх сурвалж: өглөөний сонин