Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Шинжлэх ухааны академийн академич, Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, Монгол Улсын анхны гавьяат багш, нэрт зохиолч Д.Цэвэгмидийн мэндэлсний 100 жилийн ой энэ онд тохиож байна.
Үүнтэй холбогдуулан БСШУЯ-наас хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд БСШУ-ны дэд сайд Я.Төмөрбаатар, Д.Цэвэгмид агсны хүү төрийн шагналт зураач Ц.Амгалан, ШУА-ийн ерөнхийлөгч Б.Энхтүвшин, МУИС-ийн захирал Р.Бат-Эрдэнэ, ГХЯ-ны зөвлөх С.Банзрагч нар оролцлоо.
Ойн арга хэмжээний хүрээнд энэ сарын 26-нд МУИС-ийн хичээлийн 1 байрны гадна хананд ” Дурсгалын самбар” байрлуулах, Гадаад Хэргийн Яамны “Мутрын түшээ” танхимд “Д.Цэвэгмидийн амьдрал, уран бүтээл” сэдэвт фото үзэсгэлэн, Эрдэм шинжилгээний хурал, мөн МУБИС-ийн Багшийн сургууль дээр “Хүндэтгэлийн арга хэмжээ”-г тус тус зохион байгуулах юм.
Д.Цэвэгмид нь Монгол Улсыг НҮБ-ын гишүүнд элсүүлэх төлөөлөгчдийг тэргүүлж, 1961 оны 10 дугаар сарын 27-нд НҮБ-ын 16 дугаар чуулганаар БНМАУ-ыг НҮБ-ын гишүүнээр элсүүлж, НҮБ-ын индэр дээрээс эх орноо төлөөлөн үг хэлж, эх орон, ард түмнийхээ өмнө түүхэн гавьяа байгуулсан билээ. Тэрбээр 1951-1987 он хүртэл Ардын Их Хурлын депутатаар 10 удаа сонгогдож, 1969-1973 онуудад АИХ-ын даргаар ажиллаж, Сайд нарын Зөвлөлийн орлогч даргын албыг тасралтгүй 16 жил хашжээ. Төр нийгмийн нэрт зүтгэлтэн энэ хүний зохиол бүтээлүүдээс нь дурдвал “Сурагч Ганбат”, “Хоньчин Найдан”, “Булшин дээр”, “Алтайд”, “Анхны багш” зэрэг тууж, найраглал, романуудыг туурвисан билээ