Олон улсын театрын Институтийн санаачлагаар 1961 оноос хойш дэлхий даяар 3-р сарын 27-нд “Дэлхийн театрын өдөр”-ийг дэлхий нийтээрээ тэмдэглэж ирсэн. Энэ жилийн хувьд УДБЭТ-ийн хамт олон “Балетийн үдэш” өвөрмөц гала тоглолтоор энэхүү өдрийг тэмдэглэх гэж байна. Үүнтэй холбогдуулан өнөөдөр УДБЭТ-т хэвлэлийн бага хурал хийлээ. Тус хуралд УДБЭТ-ын захирал Ч.Мөнхзул, УДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д. Дашлхагва, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн төлөөлөгчид нар оролцлоо. УДБЭТ-ын хамт олон тус тоглолтоороо дамжуулан Монгол улсад, хүчирхийлэлгүй, тайван орчинг бүрдүүлэх, Монгол улсын гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг дэмжиж буйгаа илэрхийлж байна. Энэ үйл ажиллагааны хүрээнд УДБЭТ-ын хамт олон уран бүтээлээрээ төдийгүй сэтгэл зүрхээрээ нийгмийн сайн сайхныг бий болгоход хувь нэмрээ оруулах. Мөн эмэгтэйчүүд, хүүхдийн эрхийг хамгаалах, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг оюунлаг монгол иргэнийг төлөвшүүлэхийн төлөө дуу хоолойгоо нэгтгэн, ажиллахыг уриалж байна. Нийгмийн хариуцлагын зорилгоо биелүүлэх УДБЭТ-ын үйл ажиллагаанд соёл урлагийг дэмжигч “Төгөлдөр сан” хамтран ажиллаж байна. Дэлхийн театрын өдөрт зориулсан “Балетийн үдэш” тоглолтын “Сонгодог” хэсэгт “Дон Кихот”, “Парисын дөл” гэх мэт дэлхийн сонгодог балетийн хэсгээс, “Орчин үеийн” хэсэгт нь УДБЭТ-ын урын санд шинээр нэмэгдэж буй модерн, неоклассик шинэ бүтээлүүдээс тус тус тоглогдоно.
Ш.Ганчимэг