Олон өнгөтэй тоглолт “Дэлхийн цирк Монголд”

e1209244e97d38be62be90c963def759original56090899201503250915Аргентинаас гаралтай болов уу гэж андуурмаар залуу манежинд ганган бүжиг хийнгээ жонглёр тоглоно. Үсээ задгайлахтай нь зэрэгцэн гялалзсан өнгөтэй бөмбөгнүүд агаарт хөөрч, хэмнэл алдахгүй бүжих жүжигчин бөмбөгөө ч бас алдахгүй барьж авна. Энэ залуу Англи улсыг төлөөлөн “Дэлхийн цирк Монголд” тоглолтод оролцож байгаа. Түүний араас  африкийн аварга матартай “найзалсан” жүжигчин гарч ирээд үзэгчдийг уухайлуулав. Галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй залуу нас хэмээн онцлон ярьдаг үг чухам циркт л бодит биеллээ олдог. Араатан амьтныг өөрийн найз шиг болгож, номхруулж чаддаг амьтан сургагчдыг төлөөлж тэрбээр энд иржээ. Матрынхаа амыг ангайлган толгойгоо шургуулахад түүний өмнөөс үзэгчид сандарч, амаа даран хашгиралдсан. 2000 хүн нэг дор, жүжигчин залуугийн төлөө санаа зовон уулга алдах ямар сүртэй сонсогдсон гээч. Уржигдар оройноос эхлэн үзэгчдийн хүртээл болж байгаа “Дэлхийн цирк Монголд 2015” тоглолтын нэг л хэсэг нь энэ.

Сул суудал нэг ч байхгүй, тоглолтоосоо хоцорч ирсэн хүмүүс суудалдаа хүрэх гэж багаар бодоход арван хүн босгож сандаргаж байлаа. Монголчууд циркийн урлагт ийм их хайртай. Тоглолт эхлэхээс дөрөв хоногийн өмнө бүх тасалбар нь дуусаж Монгол циркийн хөгжлийн төвийнхөн кассаа хаасан гэсэн. Нэгэнт эрэлт их, тасалбар авах хүсэлтэй хүмүүс байнга хандаж байсан учраас дахин гурав хоногийн тасалбар борлуулж эхлээд бас л дуусчихаж. Ингээд тэд анх долоон хоног хийхээр төлөвлөсөн тоглолтоо одоо нийтдээ 14 хоног тоглохоор болоод байгаа юм. Дөрөвдүгээр сарын 5-ныг дуустал монгол үзэгчид дэлхийн циркийн урлагийн гайхамшигаар аялж, хөх асраа дүүргэн баясах нь.

Энэ тоглолт хоёр хэсэгтэй. Дээр дурдсан жүжигчид болон агаарын гимнастик, уран нугаралт, хөгжилтэй алиалагчийн үзүүлбэр эхний хэсэгт багтаж байв. АНУ-аас ирсэн алиалагч хувинтай усанд хэрхэн сэлж, бас усаар жонглёр хийхийг хүсвэл циркийг зориорой. Түүнийг хөглөж, будилж байхыг харсан бяцхан үзэгчид элгээ хөштөл инээсэн.

Завсарлагын дараа хүсэн хүлээсэн нэгэн чухал үзүүлбэрийг үзэж сонирхлоо. Энэ бол БНАСАУ-ын жүжигчдийн “Агаарын нисэлт” юм. Хойд солонгосын жүжигчид энэ үзүүлбэрээрээ дэлхийд шилдэг нь. Тэдний өмнө орж “нисэх” хэн ч байхгүй. Эмх цэгцтэй, жигд хувцаслалтай тэдний төрх болон биеэ авч яваа байдал нь социалист улсыг нь эрхгүй санагдуулна. Агаарт дөрөв эргэж, дэлхийн циркийн дээд амжилт тогтоосон трюкүүдийг хийхдээ тэд нэг ч удаа алдаагүй. Төгс гүйцэтгэл, нэр хүндээ хамгаалсан шилдэг тоглолт энэ байв.

 “Дэлхийн цирк Монголд 2015” тоглолт бараг гурван цаг үргэлжилсэн. Тэглээ гээд үзэгчдийг уйдаасангүй. Тоглолтын хоёрдугаар хэсэгт үзэгчдийн сэтгэлийг ховсдон татсан тоглолтыг Украйны жүжигчид үзүүлж чадлаа. Тэдний “Акробат этюд” үзүүлбэр хүний биеийн цогц гоо сайхан болоод циркийн жүжигчний ур чадварын илэрхийлэл болсон юм. Бие биеийнхээ толгой дээр ямар ч хамгаалалт, жижиг тоноглолгүй тогтож, дор нь байсан жүжигчин суурин дээрээ эргэхэд дээд талынх нь жүжигчин тэнцвэрээ алдахгүй барьж байгааг хараад үнэхээр алмайрсан.

Энэ тоглолтод АНУ, Англи, Канад, Испани, БНХАУ, ОХУ, Украин, Вьетнам  зэрэг 12 орноос 60 гаруй жүжигчин ирж оролцсон. Тэдний дунд ур чадвар, тоглолтоороо ялгарсан нэг баг байсан нь монголчууд. Т.Номуунбаатар ахлагчтай хамтлагийнхан “Шидэх банзнаас үсрэгчид” үзүүлбэрээрээ циркийн урлагийн гурван ч дээд амжилтыг нотлон харуулсан. Шидэх банзнаас үсэрч агаарт тав болон зургаа эргэсэн энэ амжилтыг өндөр чансаатай жүжигчид л давтдаг. Мөн таван давхар болж зогссон хүмүүсийн дээр зургаадахь жүжигчин амжилттай бууж өөр нэг амжилт гаргасан юм. Чансаатай жүжигчдийн дунд тоглолтоороо тэргүүлэх эгнээнд бичигдсэн тэднээр бахархаж, Монголын циркийн урлагийн 74 жилийн түүх ахмад жүжигчид, чадварлаг багш нарын хөдөлмөр ч бас энэ амжилтыг бий болгосон гэж бодлоо.  Дээр дурдсан Украйны жүжигчин залуусыг тоглож байгаа үзүүлбэрийг ч бас монголчууд 1970-аад онд амжилттай хийж байсан гэсэн.

Хоёрдугаар хэсгийн сонирхолтой үзүүлбэрийн тоонд Испани илбэчний тоглолт багтана. Хамтрагч бүсгүйгээ хар хайрцагт хийж, галтай жадаар сүлбэж орхисон. Сонирхолтой нь жүжигчин бүсгүй өчүүхэн ч шархгүй үзэгчдийн өмнө ёсолж чадсан юм шүү. Энэ л илбийн нууц шүү дээ. Бас аяга дүүргэсэн цагаан будааг яах ийхийн зураг ус болгочихов. “Будаа ус болдог” гэж хэн нэгэн хэлбэл хэзээ ч итгэхгүй нь мэдээж. Харин циркийн урлагт бол энэ нь бодит үнэн болж байгаа юм.

Монголын үндэсний цирк Монгол циркийн хөгжлийн төвтэй хамтран тав дахь удаагийн тоглолтоо хийж байгаа энэ юм билээ. 2013 онд эхэлсэн тэд “Дэлхийн цирк Монголд” тоглолтоор хамтын ажиллагаагаа эхлүүлж, түүнээс хойш “Мөсөн цирк”, “Кабаре цирк”, “Шинэ жилийн адал явдал” тоглолтыг үзэгчдийн хүртээл болгожээ. Мөн Монгол циркийн хөгжлийн төвийнхөн өнгөрсөн зун Үндэсний соёл амралтын хүрээлэнд “Мадагаскар” тоглолт хийж, хүүхдүүдийг баярлуулсан юм.

Циркийн жүжигчид уран бүтээлдээ хайртай, монголчууд цирктээ элэгтэй. Тэгэхээр ирээдүйд монголчууд үргэлж л цирктэй хамт, жүжигчид нь шинэ амжилттай хамт оршин тогтнох биз ээ.

Ж.Солонго

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …