Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв биржээс зохион байгуулж буй “Миний мэргэжил хамгийн гоё нь” цуврал лекцийн энэ удаагийн зочноор эх барих, эмэгтэйчүүдийн зөвлөх эмч, клиникийн профессор С.Баясгалан уригдсан билээ. Энэ удаагийн лекц нь АШУҮИС-ийн лекцийн танхимд болсон юм. Эмч болохоор зорьж буй сурагчид, уг мэргэжлээр суралцаж буй олон арван оюутнууд оролцсон энэхүү лекц сонирхолтой, хөгжилтэй, урам зориг хайрласан, сургуулийнхаа намтар түүхийг мэдсэн, суралцсан, бас профессор хэмээх энэхүү алдраар бахархах сэтгэл төрүүлж, мэргэжлийн үнэ цэнэ, эмч хүний жаргал, зовлон, сургамжаар дүүрэн лекц боллоо.
Тэрээр залуустаа“ Ямар ч мэргэжлийн эмч болсон шантралгүй сайн сурах хэрэгтэй. Миний хувьд 20 жил ажиллаад сая нэг өөрийгөө эмч болох нь дээ гэж тоосон. Эмчийн мэргэжил тийм их цаг хугацаа ордог ажил. Нэгэнт сонголтоо хийсэн бол бүү эргэлз шийдэмгий, зоригтой бай. Эмч хүн зоригтой байх нь хамгийн чухал. Мэргэжил бүхэн сайхан гагцхүү мэргэжилдээ эзэн байх нь чухал. Ер нь ямар ч мэргэжил сонгосон бай та бүхэн минь зөв л “Хүн” байгаарай ” гэдгийг чухалчлан захилаа.
Түүнчлэн энэхүү лекцэнд нэгэн эмээ Орхон цогцолбор сургуулийн 12 дугаар ангид сурдаг ач хүүгээ дагуулан ирж, лекцэнд цуг суулаа. Тэрээр лекц дуусаад АШУҮИС-тай танилцаж “ Ач хүү маань эмч болох сонголтоо эргэлзээгүй шийдлээ” хэмээсэн юм. Ийнхүү “Миний мэргэжил хамгийн гоё нь” лекцэнд хамрагдах залуусын тоо өдөр ирэх тутам нэмэгдэж, бодиттой үр дүнд хүрч байна. Энэхүү лекц нь долоо хоног бүрийн Мягмар гарагт МЗХ-ны Залуус танхимд 14:14 минутаас эхэлнэ.