БНСУ-ын “Руйсанса” корпорац анхан шатны үзлэг, оношилгоо хийх зориулалттай тоног төхөөрөмж, гурван жил хэрэглэх түргэвчилсэн оношлууртай нь буцалтгүй тусламж болгон хоёр сарын өмнө нийслэлийн Эрүүл мэндийн газарт өгсөн юм. 1.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий энэхүү тоног төхөөрөмжүүдээр нийслэл дэх Өрхийн эрүүл мэндийн 140 төвийг хангаснаар дүүргүүдийн Нэгдсэн эмнэлгийн ачаалал багасаж, иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээ илүү ойртон, өвчнийг эрт үед нь илрүүлэх боломж бүрдэх байв.
Харамсалтай нь өрхийн эмнэлгүүдэд тараах ёстой төхөөрөмжүүд одоо болтол Буянт-Ухаа дахь гаалийн агуулахад хэвтэж байна. Энэ талаар НЭМГ-ын дарга Ш.Энхбатаас тодрууллаа.
-Монгол Улсаас нэг ч төгрөг гарздаагүй, бас ямар ч өр тавилгүй буцалтгүй тусламжаар оруулж ирсэн тоног төхөөрөмжүүдийг холбогдох байгууллагууд зүгээр л тосоод авахын оронд татвар нэхээд байгаа нь ямар учиртай юм бэ?
-2014 онд эмнэлгүүдэд тоног төхөөрөмж авахад зориулан улсын төсвөөс 2.9 тэрбум төгрөг гаргасан. Харин энэ онд хөрөнгө оруулалт зургаа дахин багасаж, эмийн төсөв ч 30 хувь танагдлаа. Энэ үед НЭМГ өөрсдөө санаачлан хөөцөлдөж байж, НҮБ-д бүртгэлтэй корпорацаас 1.2 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж оруулж ирсэн. Гэтэл одоо болтол зохих эзэндээ хүрээгүй байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13.1.4-т “Гадаад улсын Засгийн газар, төрийн бус байгууллага, олон улсын болон буяны байгууллагаас буцалтгүй буюу хүмүүнлэгийн тусламжаар авсан барааг татвараас чөлөөлнө”, мөн Гаалийн тарифын тухай хуулийн 38.1.2-т “Хүмүүнлэг, буцалтгүй тусламжийн барааг гаалийн татвараас чөлөөлнө” гэж заасан байдаг. Гэтэл Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын урагшгүй байдлаас болоод энэ ажил хоёр сар саатлаа.
-Сангийн яамныхан мөнгийг нь гаргаад өгчихсөн, асуудал шийдэгдсэн гээд байсан нь худлаа хэрэг үү?
-“НӨАТ-ын мөнгийг нь Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргах, эсэхийг ярина” гэж байна. Нэг хүн гарын үсэг зураад л НӨАТ-аас чөлөөлчих байтал биднийг гаалийн татвараас чөлөөлүүлэх барааны хэмжээ, мөнгөн дүнгээ тооцож, жил бүрийнхээ төсөвт суулга гэсэн. Тиймээс хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламжаар оруулж ирсэн эмнэлгийн багаж, тоног төхөөрөмжийн НӨАТ, гаалийн татварыг улсын төсөвт жил бүр суулгах, эсвэл Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргах бус одоогийн хүчин төгөлдөр мөрдөж буй хуулийн заалтын дагуу татвараас чөлөөлөх үүрэг чиглэл Сангийн яам болон Гаалийн ерөнхий газарт өгөхийг шаардсан утгатай албан тоотыг Ерөнхий сайдад хүргүүлж байна” гэлээ.
О.БАТ-УНДРАХ
Mongolnews.mn