Бөхдөө хайртай Монгол түмний хэлж, нэрлэж заншсанаар “Том” П.Сүхбат таалал төгсөж, Монголын их спортод нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
П.Сүхбат 1964 онд Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд мэндэлжээ. Монгол Улсын начин, гавьяат дасгалжуулагч Д.Адъяатөмөрийн шавь болж чөлөөт бөхөөр хичээллэж эхэлснээр түүний их спортод амжилт гаргах эхлэл суурь нь тавигджээ.
П.Сүхбат 1981 оны бөхийн чөлөөт барилдааны өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль авч, 1982 оны үндэсний бөхийн залуучуудын улсын аварга болж, улсын “Шандас” цол авсанаар үндэсний бөхийн спортын гараагаа амжилттай тавьж чадсан юм.
1985 онд Сэлэнгэ аймгийн баяр наадамд барилдан тав давж аймгийн начин цол.
1986 оны Дорноговь аймгийн баяр наадамд барилдан түрүүлж аймгийн арслан цол авчээ.
П.Сүхбат 1987 оны улсын баяр наадамд анх удаа а/а цолтой барилдаж гурав давж дөрвийн даваанд у/н О.Балжиннямтай тунаж унажээ. 1988 оны улсын баяр наадамд зургаа давж өсөх идэр начин цолыг 24 насандаа авчээ.
1989 оны улсын баяр наадамд зургаа давж хурц шалмаг чимэг. 1990 оны улсын баяр наадамд долоо давж улсын заан цолыг 26 насандаа авчээ. 1991 оны улсын баяр наадамд найм давж үзүүрлээд үлэмж бадрах чимэг. 1992 оны улсын баяр наадамд долоо давж саруул сайжрах чимэг, 1993 оны улсын баяр наадамд зургаа давж хуурнин шуугигч чимэг. 1994 оны улсын баяр наадамд зургаа давж хуурнин шуугигч чимгийг хоёрдохоо авчээ. Улсын гарьд цол нь 2003 онд бий болсон бөгөөд П.Сүхбат 1991 оны наадамд 8 давж үзүүрлэсэн амжилтаараа 1994 оны зургадугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын гарьд цолыг нөхөн олгожээ.
Үндэсний бөхөөр ингэж нэрээ дуурсгаж явсны зэрэгцээ их спортод алдар цуугаа мандуулсан их тамирчин байсан билээ.
1990 оны Токиогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль
1992 оны Барселона, 1988 оны Сөүлийн зуны олимпийн 4, 5 дугаар байрын шагнал
1990 оны Бээжингийн Азийн наадмын аварга
Чөлөөт бөхийн улсын долоон удаагийн аварга, олон улсын хэмжээний мастер бөх гэдэг томьёолол түүний “их” тамирчин байсныг илтгэх буйзаа.
Оросын бөх сонирхогчдын холбоо П.Сүхбатыг 82 кг жингийн 1989 оны дэлхийн шилдэг бөхөөр шалгаруулж байв.
Ийнхүү тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, олимпийн наадамд удаа дараа медальт болон шагналт байранд шалгарч спортын өндөр амжилт гаргасан учир улсын шигшээ багийн тамирчин П.Сүхбат гарьдыг 1991 онд Монгол Улсын гавьяат тамирчин цолоор шагнажээ.
Ийнхүү бидний “том” бөх, “том” тамирчин 51 насандаа таалал төгсөж, бурхны оронд одлоо.
Монголын бөхөд хайртайнийт уншигч түмний өмнөөс П.Сүхбат гарьдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Ум сайн амгалан болтугай.
ӨГЛӨӨ.МН