-Монгол залуучуудын нийгмийн шинэчлэлийн их ажил гараанаас хөдөллөө-
Монгол бол залуу улс. Нийт хүн амын 40 хувийг ЗАЛУУЧУУД ЭЗЭЛДЭГ болохоор тэр. Энэ тоо цаашдаа ч нэмэгдэх хандлагатай. Тухайлбал, 2025 он хүртэл манай улсад хүн ам зүйн “цонх үе” буюу хүн амд хөдөлмөрийн насны, залуучуудын эзлэх хувь хамгийн их болох тааламжтай үе эхлээд байна. Улс орнууд “цонх үеийг” үр дүнтэй ашиглахаар оновчтой бодлого боловсруулж, түүнийгээ хэрэгжүүлэх бүтэц, тогтолцоо, механизм бүрдүүлж хөгжилд хүрэхэд залуучуудаа ашигладаг. Товчхондоо, Монгол Улсын ирээдүй залуусын л гарт байгаа юм. Ийм тааламжтай үеийг ашиглаж чадахгүй бол 2025 оноос залуучуудын тоо буурч, ахмад настан буюу тэтгэврийн насныхан хүн амын дийлэнх хэсгийг эзэлж Монгол “хөгшин улс” болох аж. Тиймээс онцгой цаг үед амьдарч буй залуучууд идэвх санаачилгатай байснаар ЗАЛУУ ҮЕийн эрин ирэх нь дамжиггүй.
Нэгэнт цонх үедээ орчихсон Монгол Улсад залуучууд руу чиглэсэн шат шатны бодлого дутагдалтай байгааг шүүмжлэх хүн цөөнгүй. Уг шүүмжлэлийн гол агуулга нь залуусын өмнө тулгарсан асуудал эрхэлж, дагнан хариуцсан төрийн байгууллага үгүй гэдэг санаа. Хүүхэд, эмэгтэйчүүд, ахмадууд гэх зэрэг нийгмийн бүлгийг төр халамжилдаг ч хүн амын хамгийн чухал бүлэг залуучуудаа дэмждэггүй тал бий. Нөгөө талаасаа хөдөлмөрийн насны идэр эрчүүд, эмэгтэйчүүд төрөөс дэмжлэг нэхэх нь учир дутагдалтай учраас Монголын Залуучуудын холбоо /МЗХ/ бодлого хэрэгжүүлэгчээр ажиллахаар шийджээ. Урьд нь МЗХ өнөөгийнх шигээ идэвх санаачилгатай, нийгэмд зөвшөөрөгдсөн байр суурьтай байсан нь тоотой юм.
Хаврын дунд сарын шинийн 8-ны өдөр, бямба гарагт Монголын Залуучуудын ХолбооV Их хурлаа 12 жил завсарласны эцэст зохион байгууллаа. Төрийн дуулал эгшиглэж, зүрхэн тус газраа баруун гараа барьсан зоримог залуусын харц нэг л холын зорилго тээсэн мэт байв. Эх орны уянга болсон төрийн дууллын араас халуун алга ташилт нижигнэж, морин хуур тэргүүтэй ардын хөгжим эгшиглэж ийнхүү МЗХ-ны V Иххурал эхэллээ. 2003 оноос хойш өөрчлөөгүй дүрмээ шинэчилж, дотоод зохион байгуулалтын асуудлуудаа хэлэлцэж, Ерөнхийлөгчөө батламжлан тогтоосон нь холбоондоо өгөөжтэй ажил. Харин гол дэмжигч залуустаа чиглэсэн бодит ажлууд Их хурлаас цөөнгүй гарч. Холбоо үйл ажиллагааны стратеги төлөвлөгөөгөө бүх салбар, нэгжүүддээ хүргүүлэхээр болж, бүгдээрээ Шилэн дансны тухай хуулийг ажилдаа хэрэгжүүлэх санаачилга дэвшүүлж. Залуучуудын талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг Их хурлаар хэлэлцэн батлаад Засгийн газраар дамжуулан УИХ-д өргөн барихаар шийдлээ. Уг бодлогын баримт бичгийг батлуулахад УИХ дахь “Залуучуудыг дэмжих лобби бүлэг” идэвхтэй ажиллах юм.
Шинээр томилогдсон Ерөнхийлөгч Аюушийн Мөнхбат хурлын үндсэн илтгэл тавьж цаашдын шинэчилсэн зорилго, алсын хараатай болсон байгууллагаа удирдан ажиллах саналаа танилцуулсан. Одоо оршин байгаа цаг үед “Өнөөдрөө барагсад” гэж шүүмжлүүлдэг залуусаа тэр “Бид бол өнөөдрийг барагсад биш! Түүхийг бүтээгч, том мөрөөдөлтэй манай үеийнхэн…” хэмээн тодорхойлсон. “Бидний түүхэн зоригдол ба алтан үнэн” хэмээх илтгэлийн хоёр дахь хэсэгт өнгөрсөн түүхээс залуус бид сургамж авч цааш зоримог алхах хэрэгтэйг сануулж байлаа. Харин “Ирээдүйг угтаж мэдье, тосч бэлдье, тэсч үлдье” хэмээх гурав дахь бүлэгт нь чадварлаг, ухаалаг, зөв Монгол залуу хүн байхыг уриалсан юм. Өөр нэг онцлууштай зүйл нь бүтцийн хувьд эрс өөрчлөгдсөн явдал. Үндсэн дүрмээрээ Монголын оюутны холбооны Ерөнхийлөгчийг МЗХ-ны Тэргүүн Дэд Ерөнхийлөгчийн албанд шууд томилдог болсон тул Д.Батбаярыг үүрэгт ажилд нь хүлээн авсан. Мөн холбооны Ерөнхий нарийн бичгийн даргад О.Алтансүхийг шууд томилсон. Ингэснээр О.Алтансүх нь МАН-ын Бага хурлын гишүүн, НАМЗХ-ын албан тушаал, Иргэний нисэхийн ерөнхий газрын хэд хэдэн албанаас татгалзаж буй юм. Эдгээр удирдлагаас гадна МЗХ-нд 16-40 хүртэлх насны үе үеийн төлөөлөл бүрээс нэг хүнийг сонгон Дэд Ерөнхийлөгчөөр ажиллуулахаар боллоо. Мөн таван хүний бүрэлдэхүүнтэй хариуцлагын хороо үүсгэн байгуулж М.Эрдэнэжаргалыг даргаар сонгожээ. Цаашид энэхүү хороо нь МЗХ-ны дотоод үйл ажиллагаатай холбоотой хяналт, зөвлөгөө, хариуцлагын асуудлыг эрхлэх чухал үүргийг гүйцэтгэх юм.
Дотоод бүтцээ бүрэн шинэчилсэн МЗХ цаашид нийгмийн салбар бүрт хөдөлмөрлөж буй залуучуудаа бодитой дэмжих үүднээс их наяд төгрөгөөр хэмжигдэх чиглэлийн сангууд байгуулна. Үүний дотор хоёр их наяд төгрөгтэй тэнцэх Инновацийн сан байгуулах саналыг Засгийн газарт, мөн хоёр их наяд төгрөгтэй тэнцэх Залуучуудын орон сууцны корпораци байгуулах саналаа Монголбанкинд хүргүүлж ажил хэрэг болгоно. Инновацийн сан нь оюуны өмчийг бүтээл рүү хувиргах, мэдлэгийг баялаг болгон эдийн засгийн эргэлтэд оруулах томоохон зорилготой. Орон сууцны корпорациар дамжуулан ажилтай, орлоготой залуусаа зээлд хамрагдах, орон сууцтай болоход дэмжинэ. Энэ мэтээр Залуучуудын боловсролын корпораци, Залуучуудын эрүүл мэндийн корпораци, Залуучуудын хөдөө аж ахуйн корпораци, Залуучуудын уул уурхайн корпораци гээд залууст нэн түрүүнд шаардагдах салбарын үйл ажиллагааг эхлүүлэхээр боллоо.
Ирэх сарын 28-ны өдөр Үндэсний залуучуудын зөвлөлийн анхдугаар хурал зохион байгуулахаар товлосон нь Их хурлын үр дүнг бататгахад түлхэц болно гэж харж байна. Үүний хоёр дахь хуралдааныг есдүгээр сарын 29-нд зохион байгуулж, Монголын залуучууд улс орны хувь заяаг хөтлөн чиглүүлээд буй улс төрийн сонгуульд хандах байр сууриа нэгтгэхийг эрмэлзэж буй юм.
Тавдугаар хуралдаанаар баталсан олон шийдвэрийн нэг нь МЗХ-оос эрхлэн гаргаж, олон нийтэд хүргэх хэвлэлийн шинэ эх үүсвэртэй болсонтой холбоотой. Цоо шинээр хэвлэн гаргасан “Залуу Үе” сэтгүүлийг улс даяар түгээх үүрэг холбооныхонд оногдсон. Мөн 24 жилийн дараа дахин мэндэлсэн “Залуу зохион бүтээгч” сэтгүүлийг МЗХ-ны салбар, нэгж, холбоо, хороо бүхнээр дамжуулан 330 сумдад түгээж эхэлсэн байна. Энэ мэтээр тавдугаар Их хурлаас 30 гаруй тогтоол гаргаснаар их ажил гараанаас хөдөлжээ.
Ийнхүү тавдугаар Их хурал амжилттай болсныг мэдэгдээд Ерөнхийлөгч Аюушийн Мөнхбат хааж үг хэллээ. Тэрээр бүтэн өдрийн турш хэлэлцсэн олон асуудал, ажил хэргээ аймаг, дүүргийн холбоод, салбар болон дэргэдэх байгууллагууд цөм сарын дотор эхлүүлсэн байхыг үүрэг болгоод танхим дүүрэн хурайлсан юм. Түүхийн цоо шинэ хуудсыг хамтдаа эхлүүлж байгаагаараа бахархаж байна хэмээн залуучууд нэгэн дуугаар илэрхийлж омог бахархал, цаашид ихийг хийж бүтээх эрч хүчтэйгээр Төрийн дуулал эгшиглэж ёслол төгөлдөр эхэлсэн V Их хурлаа Халуун элгэн нутаг дуугаа дуулж, морин хуур эгшиглүүлэн залуучуудын тасралтгүй алга ташилтаар өндөрлөлөө.