“Хотын шийдэл” төслийн хүрээнд JCI Монгол байгууллага Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Зам тээврийн яам, “Зам тээврийн хүрээлэн” ТББ, “ITS Korea”, Норвегий улсын аж ахуй нэгж байгууллагуудтай хамтран “Тээврийн ухаалаг систем, байгаль орчинд ээлтэй тээврийн хэрэгсэлийг нэвтрүүлэх боломж хэрэгцээ” сэдэвт форум боллоо. Тус форум нь тээврийн салбарт ухаалаг системийг нэвтрүүлсэн бусад орны туршлага, манай улсад үүсээд байгаа хэрэгцээ шаардлага, хэрэгжүүлэх арга замын талаар хамтран хэлэлцэх, шийдлийг олох зорилготой юм.
Форумын хүрээнд Монгол улсад тээврийн ухаалаг системийг нэвтрүүлэх үндэслэл, хэрэгцээ шаардлага, ITS технологийн Монгол улс дахь хөгжил, БНСУ-ын тээврийн ухаалаг систем ирээдүйн чиг хандлага, Ухаалаг карт болон Нийтийн тээвэр, Тээврийн ухаалаг системийг нэвтрүүлсэнээр Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах арга зам, Ногоон тээвэр ба төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны арга зам зэрэг асуудлаар оролцогч талууд илтгэл тавьсан байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төсөл хамтын ажиллагааны хэлтсээс Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж буй Тусгай замын автобус /BRT/ төслийн талаар танилцуулга хийж, олон улсын болон дотоодын экспертүүдтэй санал солилцлоо гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.