Дорноговь аймгийн Мандах сумын харьяат, “Хутагтын хүчтэн” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Ёндонгийн Эрдэнэжаргалтай цөөн хором хөөрөлдлөө.
-Үндэсний бөхийн замд хөл тавьсан тэр үеэс тань ярилцлагаа эхлэе?
-Манай аав цэргийн заан Ёндон гэдэг хүн байсан. Намайг хүүхэд байхад аав маань сумын наадмын үндэсний бөхийн барилдааны хөлийн цэцээр ажилладаг байлаа. Аавыгаа дагаж бөхөөр явах замналаа эхэлсэн гэж боддог. Намайг дөрөвдүгээр ангид байхад манай нагац ах, аймгийн начин Д.Дорж гэдэг хүн суманд маань бөхийн секц хичээллүүлэхэд шавиар орж байлаа. Дараагаар нь улсын начин Одсүрэнгийн удирдлага дор хүүхдийн барилдаан, аймгийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд барилдаж эхэлсэн. Наймдугаар ангиа төгсөх хүртлээ овооны наадмуудад түрүүлж байсан даа. /инээв/
-Анхны цолоо хэзээ, хаана авч байв?
-1998 онд Мандах сумынхаа наадамд түрүүлж сумын заан цол авсан. Дараа жил нь буюу 1989 онд аймгийн дэвжээнд зодоглож эхэлсэн. Тэр үед Улаанбадрах сумын харьяат Дашдэмбэрэл гэдэг хүн түрүүлж аймгийн арслан цол хүртэж байсан. Тэр цагаас хойш 2004 он хүртэл Дорноговь аймгийн харьяат бөхчүүдээс аймгийн арслан гэдэг цол тасарсан юм. 2005 онд 25 настайдаа анх аймгийн арслан цол хүртэж нутгийнхаа бөхчүүдээс 16 жил тасраад байсан аймгийн арслан цолыг авсандаа баярлаж явдаг юм.
-Тэгэхээр та сумын заанаас шууд аймгийн арслан цол хүртсэн гэсэн үг үү?
-Би 1998 онд Их шавийн дээд сургуульд орсон. Тэр үед аймгуудад сумын заануудын сертипикат барилдаан болдог байсан. 2000 онд манай аймгийн сертипикат болж 32 бөх тойргоор барилдаж 32 давж аймгийнхаа тойргийн начин цол гэдэг цол хүртсэн. Арслан авах хүртлээ аймгийнхаа тойргийн барилдаануудад хэд хэдэн удаа түрүүлж байсан. Тойргийн начинаас аймгийн арслан цол хүртсэн гэж ойлгож болно.
-16 жил тасраад байсан арслан цолыг хүртэхэд нутаг орныхон болоод гэр бүл чинь маш сайхан хүлээж авсан байх. Тэр барилдааныхаа талаар яриач?
– Сайхан байлгүй яахав. Аймгийнхаа баяр наадамд дөрвөн жил барилдчихсан, аймгийн цол мөрөөдөж явсан үе. Одоо улсын начин болсон Батчулуун начинтай тэр үед үзүүр түрүүд үлдсэн. Өөрийнхөө үндсэн мэх болох хавираа мэхээр давсан даа.
-Санаанаас гардаггүй барилдаан байдаг байх?
-Сумын заан цолны барилдаан сайхан байлаа. Сумынхаа наадамд түрүүлсэн жил хотод ирээд ахтайгаа хамт явж байхад Баянхонгор аймгийн харьяат Сүхбат ах маань “Миний дүү сумын заан цолыг хэр баргийн аавын хүү авдаггүй юм шүү. Цолондоо эзэн болоорой” гэж хэлж байсан. Сумын заан цол анхны цол болохоороо тэгж санагддаг байх аа.
-Тэгвэл хамгийн харамсаж явдаг барилдаан байв уу?
-Байлгүй яахав. Төрийн наадмын тавын даваанд өвдөг шороодчихоод их л харамсаж байсан даа.
-Улсын баяр наадамд хэдэн жил зодоглов?
-Төрийнхөө наадамд зургаан жил барилдаж байна. Нэг удаа тавын даваанд, хоёр удаа дөрвийн даваанд, хоёр удаа гурвын даваанд өвдөг шороодож байсан.
-Өнгөрсөн жилийн наадмаар аймагтаа түрүүлж арслан цолоо баталж хурц чимэг нэмсэн. Энэхүү талаараа ярихгүй юу?
-Мандах сумын маань 90 жилийн ой өнгөрсөн онд тохиосон. Сумынхаа наадамд турүүлээд маргааш нь аймгийн наадамд барилдсан юм. Үзүүр түрүүнд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат, аймгийн арслан Төмөрбаатарын Пүрэвсүрэнтэй үлдэж давсан. Есөн жилийн дараа арслан цолоо баталж тэр жилийн аймгийн таван хурц арслангийн нэг болсондоо баярлаж явдаг.
-Аливаа амжилтын үндэс нь гэр бүл байдаг. Гэр бүлийнхээ талаар уншигч олонтойгоо хуваалцана уу?
-Тэгэлгүй яахав. Би дээрээ зургаан ахтай. Манай аав намайг найман настай байхад бурхан болсон. Ээж маань хөдөө бий. Эхнэр, хоёр хүүхэдтэй. Ханийг маань Батмөнхийн Сувд-Эрдэнэ гэдэг. Том хүү 6, бага охин 2 дугаар анги. Миний ард түшиж, тулж, дэмжиж явдаг хүмүүс бол яахын аргагүй гэр бүл минь. Эхнэр миний барилдаануудыг үргэлж үзэж дэмжиж явдаг. Ханьдаа баярлаж явдаг шүү.
-Хүүгээ удам залгуулж бөх болгох бодол байдаг уу?
-Бөхийн спортыг харахад амархан ч хүч, зориг тэвчээр шаардсан хэцүү спорт. Заавал чи бөх бол гэж хэлэхгүй. Гэхдээ манай хүү өөрөө барилдах сонирхолтой. Би бага байхдаа ааваасаа өндөр цолонд хүрнэ гэж мөрөөддөг байсан. Миний хүү барилдана гэвэл ааваасаа өндөр цолонд хүрээрэй гэж хэлнэ. Өнөөгийн миний зорилго бол улсын цолонд хүрэх. Азарганыхаа хүрээгүй газар унага нь хүрдэг, Аавынхаа хүрээгүй газар хүү нь хүрдэг гэдэг сайхан үг байдаг шүү дээ.
-Цаг зав гаргаж ярилцлага өгсөнд баярлалаа. Дараа шинэ цолтой чинь дахин уулзана гэдэгт итгэлтэй байна.
– Баярлалаа. Ерөөл бат оршиг. Дорноговь аймгийн болон Мандах сумынхаа ард иргэдэд, мөн “Хутагтын хүчтэн” дэвжээнийхээ ах нартаа хоёргүй сэтгэлээр тусалж дэмжиж явдагт талархлаа илэрхийлье.
Ярилцсан: Н.Тилеген