90-ээд онд Монголын утга зохиолын ертөнцөд цахиур хагалан шижигнэсэн залуус орж ирсний нэг нь говь нутгийн хүү Арлааны Эрдэнэ-Очир юм.
…Дэндүү хар нүднээс ямар нулимс гардаг юм бэ
Дэргэдээ чамайг суулгаад уйлуулж үзмээр бодогдоно… хэмээн “задгай” шүлэглэж,
.Амьдрал мөнхийн зүүд минь тэнгэрийн зурсан зураг минь
Алдааг нь цуглуулахад ч жаргал амтагдмаар хонгор минь
Алсаас над руу урссан цаг хугацааны зэрэглээн дундаас
Амжиж миний олж харсан үл мэдэг инээмсэглэлт минь… хэмээн “уянгалуулсаар” говийн бор хүү өдгөө “догь суусан” их найрагч болж ард түмэндээ үнэлэгджээ.
Д.Нацагдоржийн шагналт, Болорцомын эзэн, яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир утга зохиолын ертөнцтэй амьдралаа холбосон он цагийн дууллаа тун удахгүй уншигч, үзэгч олонтойгоо хуваалцах гэж байна.
Түүний “Нар зөвийн эх орон” уран бүтээлийн утга уянгын цэнгүүн 2015 оны 04 сарын 09-нд Улаанбаатар паласийн их танхимд болох юм. Цэнгүүнд Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, Д.Цоодол, П.Бадарч, Б.Догмид, Төрийн шагналт Д.Нямаа, Ц.Бавуудорж, Нацагдоржийн шагналт Болорцомын эзэн, яруу найрагч Б.Ичинхоргоо, Г.Мөнхцэцэг, Б.Галсансүх нарын Монголын үе үеийн яруу найрагчдын төлөөлөл оролцох юм.
Мөн “Хайрын шүлгийн нэрт мастер” хэмээгддэг А.Эрдэнэ-Очир найрагчийн уран бүтээлээс төрсөн олон сайхан дуу тэр үдшийн утга уянгын тайзнаа эгшиглэнэ.
Ардын жүжигчин А.Долгор, А.Дашпэлжээ, Монгол Улсын гавьяат жүжигчин Л.Нарантуяа, Ц.Түвшинтөгс, Г.Эрдэнэбат, Л.Чулуунчимэг, Н.Төмөрхуяг, Ч.Бат-Эрдэнэ, СТА Д.Ариунбаатар, Ч.Батцэнгэл, Т.Дэлгэрмөрөн, Р.Дэлгэрмаа, Э.Төрмандах, Л.Банзрагч, П.Идэржавхлан, дуучин П.Баатархүү , Д.Даваадорж, Б.Энхжаргал, Д.Дүйнхоржав нарын үе үеийн уран бүтээлчдээс гадна “Увертюр” хамтлаг оролцож найрагчийн яруу тансаг шүлэг яруу найргаас амилсан олон сайхан дууг үзэгч олондоо зориулах ажээ.
Ийнхүү утга уянгаар хөглөгдсөн, Болор цомын эзэн, яруу найрагч А.Эрдэнэ-Очирын “Нар зөвийн эх орон”-оор аялж, үе үеийн яруу найрагчдийн найраг шүлэг, үе үеийн дуучдын хөг эгшигтэй нэгэн үдшийг өнгөрөөх 2015 оны 04 сарын 09-нд Улаанбаатар паласийн их танхимд болох нээ.
Г.Эрдэм