Эрүүл мэнд, спортын дэд сайд Д.Атармаа, ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч ноён Су Нюунт-У нар өчигдөр Улаанбурхан өвчний талаар мэдээлэл хий үеэрээ эмч ажилтнууд ч энэхүү өвчнөөр халдварласан талаар хэлжээ.
2015 оны гуравдугаар сарын 18-ны өдөр улаанбурхан өвчнөөр өвдсөн анхны өвчтөн эмнэлэгт хандсанаас хойш өнөөдрийг хүртэл нийтдээ 333 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн байна. Тэднээс лабораторийн шинжилгээгээр 95 нь Улаанбурхан туссан болох нь батлагдсан байна. Анхны өвчтөн насанд хүрсэн оюутан байсан нь уг өвчин гадаадын улс орнуудаас зөөвөрлөгдөн орж ирсэн байж болзошгүйг Эрүүл мэнд спортын дэд сайд Д.Атармаа хэлж байлаа.
Энэ удаагийн Улаанбурханы вирусын омог нь БНХАУ-ын омогтой ижил төстэй байгаг ДЭМБ-ын суурин төлөөлөгч дурьдаад энэхүү дүгнэлтээ баталгаажуулах үүднээс сорьцыг Хонконг руу илгээнэ гэв.
Одоогоор Улаанбурханаар халдварласан хүмүүсийн 22 нь насанд хүрэгчид бөгөөд тэдний дотор эмч, эмнэлгийн ажилтнууд ч багтсан байна. Улаанбурхан өвчин дэгдэлт хэлбэрээр гарсан нь тодорхой болсон тул ДЭМБ-ын суурин төлөөлөгч, НҮБ-ын хүүхдийн сан зэрэг газруудад хандаад байгаа юм.
Уг өвчний дэгдэлтийг бууруулахын тулд зургаан сартайгаас таван нас хүртэлх бүх хүүхдийг вакцинд хамруулах шаардлагатай. Гэвч сүүлийн жилүүдэд эл өвчин дэгдээгүй учир оношлогоо, тандалтад эмч нарын туршлага дутмаг байдал ажиглагдсан тул сургалт, сурталчилгааг явуулах шаардлагатай байгаа гэнэ. Улаанбурханы вакциныг хүүхэд бүрт есөн сартай болон хоёр настайд нь хийдэг ч дархлаа суларсан болон суурь өвчтэй хүмүүс эл өвчнөөр өвдөж эхэлжээ. Хүүхдүүдийн хувьд хөхөөр хооллодоггүй, сульдаатай хүүхдүүд илүүтэй өртөж байгаа юм. Тиймээс зургаан сараас таван нас хүртэлх бүх хүүхдэд Улаанбурханы вакциныг хийхээр төлөвлөөд байгаа ажээ.