А.Очирхуяг хэмээх залуу санаачлан ах дүү, найз нөхөд, хамт олонтойгоо хамтран Хавдар судлалын үндэсний төв /ХСҮТ/-ийн Д.Чинбүрэн эрхлэгчтэй мэс заслын тасгийнханд сандал хандивлалаа. Хандивыг ХСҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн захирал С.Хүрэлсүх, аж ахуйн албаны дарга Ц.Ганбаатар нар гардан авлаа. .Дэлхий дахинд төдийгүй Монгол улсын хүн амын дунд хорт хавдрын өвчлөл жил бүр өсөн нэмэгдэх хандлагатай байгаа. Тухайлбал, 2004 оны байдлаар 100 000 эрэгтэй хүн тутмын 241 нь хорт хавдраар өвчилж байснаа 2013 онд 297 болж нэмэгдсэн. Түүнчлэн манай улс нас баралтын тоогоороо харьцангуй их буюу 97,8 % байгаа юм. Энэ аймшигт өвчинтэй манай ХСҮТ-ийн чадварлаг хамт олон дан ганцаараа тэмцдэг. Заримдаа ялна бас заримдаа ялагдана. ХСҮТ нь Монгол улсын хэмжээнд хавдрын тусламж, хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэн эмчлэх болон сургалт сурталчилгаа, эрдэм шинжилгээ судалгаа хийдэг ганц эмнэлэг. Монголчууд бид хорт хавдрыг зөвхөн ХСҮТ-ийнхөнд даатгаад орхих биш тэдэндээ туслаад хамттаа тэмцэх хэрэгтэй байна. Тиймээс эдгээр залуус ХСҮТ-ийн Мэс заслын тасагт эдгээр сандлуудыг хандивлах сайн үйлсийн аяныг өрнүүлсэн аж.
Яагаад сандал хандивлаж байгаа юм бэ? гэсэн асуултад: – Зарим хүнд өвчтэй гурван хүн хэвтдэг тасгуудад сахиуруудад зориулсан ганцхан ширхэг сандал байдаг. Тэгэхээр гурван сахиурын зөвхөн 1 нь л сууна гэсэн үг. Хүнд өвчтэй хүн сахина гэдэг ялгаагүй их ядардаг. Тиймээс нэг ч гэсэн хүн хэдэн минут ч гэсэн суугаад амраасай гэсэндээ хандивлаж байгаа юм гэж хариуллаа. ХСҮТ-ийн Ерөнхий мэс заслын, Эмэгтэйчүүдийн мэс заслын, Хөнгөвчлөх эмчилгээний, Туяа эмчилгээний, Химийн эмчилгээний, Толгой хүзүүний болон Эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн тасгуудад 200 гаруй сандал дутмаг байдаг ажээ. Мэдээж сандал дутмаг байгаа нь өнөөх л төсөв мөнгөтэй холбоотой. Үнэхээр нүдээ олсон сайн үйлсийн аян болжээ. А. Очирхуяг нь 21 аймгийн 331 суманд Монгол улсын ирээдүй болсон өсвөр насныхан, залуу үеийнхэнд болон нийт иргэддээ Хорт хавдрын мэдлэг мэдээлэл олгох, хэрхэн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлсний ач холбогдлын талаар бүрэн мэдлэг, мэдээлэл олгох төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа юм байна. Энэхүү төсөл нь Монгол Улсын засгийн газраас 2015-2020 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн Хорт хавдраас сэргийлэх үндэсний 3 дахь хөтөлбөрийг дэмжиж хэрэгжих аж. Залуучууддаа амжилт хүсье. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай!