НИТХ-ын 25 дугаар ээлжит хуралдаан 3 дугаар сарын 27-ны өдөр болж Налайх, Багануур дүүрэгт хот байгуулах тухай асуудлыг хэлэлцэх байсан ч НИТХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга Ёс Эвсэл”-ээс 5 хоног завсарлага авсан тул Хуралдааны дэгийн дагуу уг асуудлыг 4 дүгээр сарын 3-ны өдөр хүртэл хойшлуулсан. Үүний дагуу НИТХ-ын ээлжит хуралдаан маргааш болж тус дүүргүүдэд хот байгуулах тухай асуудлыг хэлэлцэнэ.
Багануур, Налайх дүүрэгт иргэдийн оролцоотойгоор хот байгуулах шийдвэр гаргах, хотын дүрэм батлуулах ажил өнгөрсөн оны 11 дүгээр сард эхэлсэн бөгөөд тус дүүргүүдийн иргэдээс Хот байгуулах асуудлаар санал асуулгыг Багануур дүүрэгт 01 дүгээр сарын 22, 23, Налайх дүүрэгт 01 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгуулсан. Багануур дүүргийн иргэдийн 95 хувь нь, Налайх дүүргийн иргэдийн 96 хувь нь хот байгуулахыг дэмжсэн гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.