Налайхын Засаг дарга Х.Болдбаатар болон түүнийг тойрон хүрээлсэн хэсэг бүлэг хүмүүс төрийн албыг амин хувьдаа ашиг олох арга хэрэгсэл болгосон тухай тодорхой баримт түшсэн мэдээллүүд хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарах болсон. Түүгээр ч зогсохгүй Налайх дүүргийн Засаг дарга Х.Болдбаатар, түүний орлогч Ч.Одонхүү, зөвлөх Оч.Ганболд нарын нэр бүхий хүмүүс албан тушаалаа урвуулан ашиглаж, онц их хэмжээний төсвийн болон орон нутгийн сангийн хөрөнгийг хувьдаа завшсан бодит баримтад үндэслэсэн Налайх дүүргийн иргэдийн гомдлоор холбогдох газрууд Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа тухай эх сурвалжууд мэдээлж эхэлсэн. Тэдний гэм бурууг хууль шүүхийн байгууллага ялгаж зааглаад гаргаад ирэх биз ээ.
Өнөөдрийг болтол Налайх дүүргийн төсвөө батлуулж чадаагүй явдал хаанаас эхэлсэн бэ гэдэг нь хэн бүхэнд ойлгомжтой байдаг. Дүүргийн ИТХ-аас ажлаа хийдэггүй, авлига авдаг, гадаадаар зугаалдаг, амин хувийн ашиг хонжоо хайж хууль зөрчдөг Засаг дарга Х.Болдбаатарыг огцруулах асуудлыг бүрэн эрхийнхээ дагуу оруулсан нь ИТХ-ын олонхийн саналаар дамжигдсэн. Гэтэл орон нутгийн өөрөө удирдах байгууллагаас өргөн барьсан энэхүү шийдвэрийг нийслэлийн Засаг дарга болон ИТХ-ын дарга нар үл ойшоон намынхаа эрх ашгийг хамгаалснаар асуудал өрнөсөн байдаг.
Өдгөө хууль, шүүхийн байгууллагад шалгагдаж байгаа Засаг дарга Х.Болдбаатар болон түүний хамсаатнууд нэгэнт “дуугарч” болохгүй байгаа энэ цаг үед Х.Болдбаатарын “гарын хүн” гэгддэг, дүүргийн ЗДТГ-ын дарга О.Манарбек сар бүр Налайх дүүрэгт хэвлэгдэн гардаг “Налайхын амьдрал” сонинд ярилцлага өгч, тус ярилцлагадаа Х.Болдбаатар дарга нарыг гэм зэмгүй сайн хүн мэтээр, дүүргийн МАН-ын төлөөлөгчдийг хамгийн муу хүмүүс мэтээр “харагдуулахыг” хичээж, Налайх дүүрэгт үүсээд байгаа төсвийн хүндрэл нөхцөл байдлыг хаа хамаагүй дүүргээс Нийслэлийн ИТХ-д сонгогдсон С.Амарсайхантай холбогдуулах гэж оролджээ.
Дашрамд дурдахад Тамгын газрын дарга О.Манарбек нь өөрөө Төрийн албаны тухай хууль зөрчин томилогдсон нэгэн юм. Төрийн албаны зөвлөлийн 2014 оны 05 сарын 07-ны өдрийн 567 тоот албан бичгээр Ч.Зоригт, О.Манарбек нарыг хууль зөрчин албан тушаалд томилсон болохыг тогтоож, энэхүү буруу шийдвэрээ цуцлахыг Засаг дарга Х.Болдбаатарт хүргүүлсэн байдаг ч тэрээр Төрийн албаны зөвлөлөөс гаргасан шийдвэрийг үл тоон О.Манарбекийг өнөөдөр хүртэл ажиллуулж байгаа ажээ. О.Манарбек дарга Засаг даргынхаа итгэл найдварыг алдахгүйн тулд хэн бүхний мэдэх “цагаан дээр хараар бичигдсэн бодит” үнэнийг хэтэрхий гуйвуулж, өөрсдийгөө “энхийн цагаан тагтаа” мэтээр ярьж, бусдыг “тас хар хэрээ” мэтээр төсөөлөн ард түмэн хэцүү байгааг дахин дахин дурдан ярьж “матрын нулимс” унагах шахжээ. Тэгвэл хэн ийм асуудлыг үүсгэв.
Гэтэл үнэн хэрэгтээ асуудал Засаг дарга Х.Болдбаатар ба түүнийг тойрон хүрээлэгчидтэй холбоотой гэдгийг Налайх дүүргийн иргэд хэдийнээ мэддэг болсон. Болдбаатартангууд анх эрх мэдлээр дамжин эд баялагт шунаагүй бол, төсвийн хөрөнгөөр гадаад улс орнууд руу “нисдэг дарга” гэж хэлэгдэх хүртлээ ойр ойрхон зугаалаагүй бол, тендер будлиантуулах “татар ажиллагаа” багийг бүрдүүлээгүй байсан бол, Нийслэлийн Засаг даргын шийдвэрийг зөрчин Элсний карьер ажиллуулах зөвшөөрөл өгөөгүй бол, дүүргийн Тусгай хэрэгцээний газарт “Ундрах дөл” ХХК-ийн захирал М.Дашхүүд нүүрсний ил уурхайг хууль бусаар ажиллуулан, нүүрс олборлолт явуулах боломжийг олгоогүй бол, дүүргийн Дулааны Цахилгаан станцын дарга М.Өсөхбаярт нүүрсний тонн тутмыг 34.000 төгрөгөөр өгөхөөр тохиролцоогүй бол, нийслэлийн төсөвт 17,1 тэрбум төгрөгийн хохирол учруулаагүй байсан бол өнөөдөр Х.Болдбаатар нарын хүмүүс шүүх хуулийн байгууллагын хаалга татах биш, үүрэгт ажлаа сэтгэл амар хийгээд, дүүргийн ажил үйлс ч урагштай явж байх байсансан.
О.Манарбек дарга яаран сандран буруу ташаа зүйлийг үнэн мэтээр ярилцлага өгөхийн учир юу вэ?
Бид Налайх дүүргийн Засаг дарга Х.Болдбаатарын бас нэгэн хууль бус үйлдлийг та бүхэндээ баримтанд түшиглэн хүргэе.
2015 оны 02-р сарын 15-ны өдөр тус дүүрэгт хийгдсэн Аудитын шалгалтын үр дүнд “…дуудлага худалдаа, сонгон шалгаруулалт явуулалгүйгээр аж ахуйн нэгж, хувь хүмүүст 2013, 2014 онд нийт 89 иргэн, аж ахуйн нэгжид олгосон 241 га газрын дуудлага худалдааны анхны үнэ болох 17.112 тэрбум төгрөгийг Нийслэлийн төсөвт төвлөрүүлэх” төлбөрийн акт тавигдсан байна. Ингэснээр Х.Болдбаатар дарга “уснаас хуурай гарах” арга сүвэгчилж, А/25 тоот захирамжийг гаргахдаа хугацааг нь урагшлуулан Аудитын акт гарахаас өмнө буюу 2015 оны 02-р сарын 4-ний өдөр гаргасан мэтээр болгож, энэхүү захирамжиндаа Аудитын байгууллагын акт тогтоосон нийт 89 газраас нэр бүхий 22 аж ахуйн нэгж, хувь хүнд өөрөө гарын үсэг зурж олгосон газар эзэмших гэрчилгээг дээрх захирамжаар хүчингүйд тооцжээ. Түүний хүчингүйд тооцсон дээрх газруудад Налайх дүүрэгт 6000 иргэний орон сууц барихаар төлөвлөгдөн иргэдээс захиалга авч, хөрөнгө мөнгө төвлөрүүлэн, барилгын ажлаа бараг дуусгаж байгаа “Тэлмэн” констракшн тэргүүтэй олон аж ахуйн нэгж, иргэдийн газар багтжээ.
Товчхондоо Налайх дүүргийн Засаг дарга Х.Болдбаатар дуудлага худалдаагаар дамжуулан төсөвт төвлөрүүлэх ёстой газрын төлбөрийг дуудлага худалдаа, ямар нэгэн сонгон шалгаруулалт явуулалгүйгээр эрх мэдлээ урвуулан ашиглаж бусдад дур мэдэн олгосон нь илчлэгджээ. Үүний цаана авлигын шинжтэй үйлдэл нуугдаж байгаа нь хэн бүхэнд ойлгомжтой. Нэгэнт энэ үйлдэл нь илчлэгдээд ирэнгүүт мань эр аудитын акт тавьсан өдрөөс өмнө зарим газрыг хүчингүй болгосон мэтээр харагдуулах заль хэрэглэжээ.
Х.Болдбаатар даргын энэ мэт хууль бус, увайгүй үйлдлийн цаана өнөөдөр Налайх дүүрэгт үйл ажиллагаагаа явуулж байгаа олон арван аж ахуйн нэгж, иргэд хөрөнгө мөнгө, цаг хугацаагаар хохироод үлдэх дээрээ тулаад байна.
Тэрээр 2014 онд 64 аж ахуйн нэгж, иргэнд газар олгосон зөвшөөрлийг хууль бусаар олгосон гэдэг үндэслэлээр дахин цуцлахаар болсон гэх мэдээлэл гарах болжээ.
Ийнхүү ам ажил нь зөрж, хөдлөх бүрдээ хууль зөрчиж байсан Налайх дүүргийн Засаг дарга Х.Болдбаатарыг нэн даруй огцруулах шаардлагатай. Хэрвээ Улаанбаатар хотын захирагч бөгөөд Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл Нийслэлийн төсөвт 17.1 тэрбум төгрөгийн хохирол учруулсан Х.Болбаатар даргын хууль бус үйлдлийг нэг нам гэдэг нэрийн дор хаацайлан хамгаалж авч үлдэхийг хичээж байгаа бол энэ нь тэдний яриад байдаг ард түмнийхээ төлөө гэсэн амлалтаа уландаа гишгэхэд хүргэн шударга ёсны зарчим алдагдаж улмаар Нийслэлийн АН болон Нийслэлийн Засаг даргын улс төрийн карьерт ноцтой сэв суух нөхцөлийг үүсгэхэд хэдийнээ бэлэн болжээ.