Хотын дарга Бат-Үүл мөрөөдлөө ярьсаар хоёр жил гаран боллоо. Заримдаа мөрөөдөлдөө орооцолдож ор үндэсгүй зүйл ч ярих нь элбэг болов. Харин түүний мөрөөдөлд хууртсан нийслэлчүүд, гэр хорооллынхон өмчилж авсан газар нь үнэгүйдэж байгааг хараад толгойгоо шааж сууна.
Хаа байна тэр, хашаанд маань инженерийн шугам татаж өгнө гэсэн. Хаа байна тэр, хананаасаа халуун усаа авч, паалантай жорлонд жаргуулна гэсэн чинь. Өнөөдөр гэр хорооллыг дахин төлөвлөж байгаа гэх нэрээр өдөр өнжихгүй, өч төчнөөн хүмүүс харанхуй шөнөөр ирж, хаалга үүд балбаад, хөөж туун харааж ерөөгөөд амраахаа байлаа.
Төрөөс хүртээсэн өмх газрыг минь, хашаа байшинтай минь нураана, нүүлгэж буулгана хэмээн сүр далайлган дарамтлах боллоо. Хууль ёсоор өмчилж авсан өчүүхэн газар маань танд юу ч биш байдаг байж болох ч маньдаа энэ чинь насны юм, үр хүүхэддээ өвлүүлэх өчүүхэн ч болов өв хөрөнгө.
Хэдийгээр Таныг хэлсэндээ хүрэхгүй, мань мэтээсээ бултаж, бухаж байгаад гомдовч, ирж яваа цаг байна орон сууцаар нь хашаа, байшингаа сольё гэтэл бөгс эргэх зайгүй, бүдүүхэн биетэй бөхчүүд зөрж гарах боломжгүй умгар өрөө, тасалгаатай, өөр сонголтгүй нөхцлөөр санал тавьж өрийг минь самардаж байна. Өөрөө та нэг очоод үзээрэй.
Танд ингэж хулхидуулахаа мэдсэн бол яалаа гэж Таны төлөө саналаа өгч, сонгох вэ. Тэрний оронд шударга өрсөлдөөний Аюур хүүд саналаа өгдөг байж. Элдэв юм амлаж, сайрхаж ярихгүй хэрнээ энэ дарга нарын луйвар, булхайг илчилж энгийн ард, сонгогч олныхоо нүдийг нээж байна тэр хүү.
Дүрэм зөрчсөн автомашиныг ачиж тээвэрлэх, эс бөгөөс элдэв үггүй дугуйг нь түгжих төлбөр авдаг дүрэм, журам нь төрийн хууль зөрчин байж батлагдсаныг нь олж тогтоогоод алдаагаа зас, ард олноо хүндэл гэж энэ хүү хэллээ. Гэтэл энэ хүүгийн үнэн үгийг үл тоож, бидний өмнөөс цор цор гэдэг хэн бэ гэж ирээд хэвлэл, мэдээллэр дамжуулан дарга цэргүүдээрээ загнуулж байхыг харлаа.
Хаа очиж энэ шударга өрсөлдөөнийхөн чинь та бид шиг дарга нарт дарлуулж, дээрэлхүүлдэггүй үнэхээр л шударга залуус байна. Бат-Үүл даргыг цэргүүдтэй нь хамт Монгол улсын хууль зөрчсөн үйлдлийнхнь төлөө шүүхэд өгснөө зарлалаа. Зөв, эртхэн л ингэх байсан юм. Энэ дарга нарт хууль үйлчилдэггүй гэж хүн бүхэн ярих юм билээ. Үнэн худлыг нь одоо нэг харъя.
Г.Чугаа